Дундговь аймагт гэмт хэрэг буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬАймгийн Цагдаагийн газрын статистик мэдээгээр Дундговь аймагт гэмт хэрэг буурсан байна. 1-9 дүгээр сард нийт 152 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны энэ үеийнхээс 24.8 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт урьд оныхоос 39 хувиар өсчээ.
Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дийлэнх буюу 40 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг эзэлж байгаа бол хулгайн гэмт хэрэг 28.9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10.5 хувийг тус тус эзэлсэн байна. Урьд оны энэ үеийн гэмт хэргийн байдлыг эргэж харахад, нийт 200 гэмт хэрэг бүртгэгдэж үүний хамгийн их буюу 36 хувийг хулгайн гэмт хэрэг, 28.7 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг, 13.4 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байжээ.
Энэ онд дээрэм, ашиглал, хүчингийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.
18 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүнгээр 51 байгаа бол Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Говь- Угтаал, Хулд, Гурвансайхан, Баянжаргалан сум болон аймгийн төвд 52- 93 болж, гэмт хэргийн гаралт ихтэй сумдад тооцогдож байна.
Гэмт хэргийн улмаас иргэдэд 525 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүний 72 хувийг нөхөн төлүүлжээ.
Т. Отгонтуяа