БУЛГАН: Хатанбаатарын нутгийнхан 100 жилийн ойн баяраа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Алтан гадас одонт улсын тэргүүний Хутаг-Өндөр сумын 100 жилийн ойн баяр наадам 2024 оны долоодугаар сарын 17-19-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Хутаг-Өндөр сум Манлай Ван Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг бөгөөд түүх дурсгалын газар элбэгтэй Олноо өргөгдсөний 8-р он буюу 1918 оны 7 дугаар сарын 26-нд Сайн ноён хан аймгийн Хатанбаатар Дархан чин вангийн хошууг Сайн ноён Хан аймгийн Гаанжууржав түшээ гүний хошуунаас тасдан байгуулсан түүхтэй.
1922
оны хаврын дунд сар орчимд Итгэмжит бэйс Цогт-Очирын хошууг татан буулгаж
одоогийн Гуртад хоёр хошуу дахин нэгдэх ёслол болж Хатанбаатар Дархан чин
вангийн хошуу гэж нэрлэх болсон.
1923
онд Ардын Засгийн газраас аймаг, хошууд нь засаг ноёдын нэр, хэргэм зэргээр
нэрлэж байсныг өөрчилснөөр Хатанбаатар вангийн хошууны хурлаар
хэлэлцэн Намнан Уулын хошуу гэж нэрлэхээр тогтож Цэцэрлэг Мандал аймгийн Намнан
Уулын хошуу гэж нэрлэх болжээ.
1924
оноос Наран, Норовлин, Дэлгэрэх сумыг нэгтгэн одоогийн Цагаан бургасын голд
буюу тэр үеийн нэрээр Өвөр цагаан Бургасын цүлхүү тохойд Хутаг-Өндөр сумыг байгуулж, 1929 онд одоогийн Бунханы буланд нүүж суурьшсан байна.
Өнөөдөр
Улсын тэргүүний Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ой тохиож, аймгийн Засаг
дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд хүндэт зочид, нутгийн
уугуул суугуул иргэд оролцож байна.
Ардын Хатанбаатар С.Магсаржавын
хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
Цэцэг өргөх ёслолд
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Орлогч дарга Д.Жаргалсайхан,
Хутаг-Өндөр сумын ИТХ-ын дарга К.Түмэн-Өлзий, Засаг дарга П.Лхагва-Очир,
Хутаг-Өндөр сумын Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид Соёлын төв болон тус
сумаас төрөн гарсан алдартан гавьяатууд нутгийн зон олон, зочид төлөөлөгчид оролцлоо.
Ардын Хатанбаатар С.Магсаржавын эд өлгийн үзэсгэлэн гаргалаа.
Соёлын төвийн Орон нутаг судлах
музейд Ардын Хатанбаатар С.Магсаржавын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн
үзэсгэлэн гаргасан байна.
"Нутгаа дурсахуй" уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын
уугуул, 1987 оны төгсөгч, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач, сийлбэрчин багш Баасанжаргалын
Булганбаатарын "Нутгаа дурсахуй"
уран бүтээлийн үзэсгэлэн ерөнхий боловсролын сургуулийн урлагын зааланд нээлтээ
хийлээ.
Түүний аав Баасанжаргал (биеийн
тамирын багш), ээж Ванчигмаа (монгол хэлний багш) нар нь Булган аймгийн
Хутаг-Өндөр, Баян-Агт, Орхон суманд олон жил үр дүнтэй багшилж, олон шавь
төрүүлсэн тэргүүний шилдэг багш нар байсан аж.
Мөн нээлтийн үеэр Шагайн харваан гоц мэргэн цолтнуудад Шагайн холбооны зүгээс
хүндэтгэл илэрхийллээ.
Сур, шагайн харвааны нээлтийн үйл
ажиллагаа зохион байгууллаа.
Сурын харваанд 100 гаруй харваач, шагайн харваанд 23 багийн 170 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.
Баярын хурал
Баярын хуралд Улаанбаатар, Дархан,
Эрдэнэт Булган аймаг дахь нутгийн зөвлөлийн гишүүд мөн хүндэт зочид нутгийн
иргэд оролцсон бөгөөд хурлын үеэр зочид төлөөлөгчид болон ахмад буурлуудад 100 жилийн ойн хүндэт тэмдэг гардууллаа.
Мөн хурлын үеэр шагналын хур
бууж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан
-Булган аймгийн сүлд дуу болох “Булган хангай”, “Булганы үдэш” дууны үгийг зохиож олны хүртээл болгохын зэрэгцээ олон кино, жүжгийн дууг зохиосон Монголын шилдэг залуу уран бүтээлч Хүрэлбаатарын Соёмбо
-Хутаг-Өндөр сумын уугуул Ардын
армийн ахмад тээвэрчин Жүгдэрийн Моломжамц нарыг аймгийн дээд шагнал “Ардын
Хатанбаатар Магсаржав”-ын нэрэмжит шагналаар шагналаа.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой
амжилт гаргаж, мал сүргийнхээ үүлдэрлэг байдлыг сайжруулан, малгүй буюу цөөн
малтай өрхийг малжуулж, мал маллах арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх
талаар санаачилгатай ажиллаж байгаа Хутаг-Өндөр сумын Тээл багийн
аймгийн аварга малчин Ганболдын Отгонпүрэв, Хутаг багийн аймгийн аварга
малчин Калинангийн Түмэнноров нарыг Монгол Улсын хөдөө аж ахуйн
Хөдөлмөрийн ууган баатар, хоньчин З.Очирын нэрэмжит шагналаар шагналаа.
Газар тариалангийн үйлдвэрлэлд олон
жил үр бүтээлтэй ажиллаж, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, шинэ залуу
тариаланчдыг бэлтгэх, хүн амын хүнсний хэрэгцээг хангах үйлсэд өндөр хувь нэмэр
оруулсан Улсын аварга тариаланч “Хонгор-Агро Булган” ХХК-ийн механикжуулагч
Батнасангийн Ганбатыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит
шагналаар шагналаа.
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд
үйл ажиллагаа явуулдаг "Занадуразорбак" ХХК-ийн хамт олны хөдөө аж
ахуйн салбарын зорилтыг амжилттай хэрэгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, аймаг орон
нутагтаа махны үхрийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэн хүн амын хүнсний хангамжийг
сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн "Аймгийн тэргүүний
фермер"-ээр шалгарууллаа.