ЗАВХАН: Мөрөнгийн энтэй Завхан гол
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол элсийг зорих аялагчдын
очих газар бол мөрөнгийн энтэй Завхан гол юм.
Аялагчид Улаанбаатар хотоос 1150 км орчим замыг туулж Завхан голд хүрнэ. 1000 орчим км замыг хатуу хучилттай замаар явж, 150 орчим км замыг нь сайжруулсан, шороон замаар туулж, Завхан гол, Монгол элс, зэрлэг чацарганын төгөл бүхий говийн унаган төрх, байгалийн сонин тогтоцтой хад, эрэг, ургамал, шувуу ажиглах аяллыг хийх боломжтой.
Энд амралт, жуулчны баазууд байхгүй бөгөөд майхантай аялж болно. Мөн Дөрвөлжин сумын төвийн ойролцоо аялбал, бусад үйлчилгээг тус
суурингаас авч болох юм. Сонирхуулахад
Дөрвөлжин сумын түүхэн 100 жилийн ойн баяр наадам нь долоодугаар сарын
19-22-ний өдрүүдэд тохиож байна.
Завхан гол нь Завхан, Говь-Алтай аймгийн заагт орших Монголын томоохон голуудын нэг.
Тус гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр
талаас эх авах Буянт, Шар-Ус гэсэн хоёр гол нийлж Завхан гол болдог. Завхан гол
нь Их нууруудын хотгорыг чиглэн урсаж, замдаа Тээлийн голтой нийлж 800
гаруй км урссаар Айраг нуураар дамжин Хяргас нуурт цутгадаг.
Эхэндээ уулархаг, дунд хэсэгтээ говийн бэсрэг уул,
толгодоор, адаг хэсэгтээ элсэн манхнаар урсаж гадаргын хэлбэрээс хамаараад
цутгал орчим нэлээд олон салаалдаг байна. Цутгалын хэсэгт далайн түвшнээс дээш
1029 м бөгөөд голын эхийн өндөр 2159 м гэж тэмдэглэгдсэн байна
Тус гол нь 99 гол горхиноос тэжээгддэг бөгөөд мөрөн болоход нэг голын цутгал дутдаг учраас Завхан гол дуунд, ..."Мөрөнгийн энтэй Завхан гол
Мөнхийн усыг орлоно" хэмээн тэмдэглэжээ.
Завхан голын ай сав газар нь өвөрмөц тогтоцтой, бүлээн
устай, торгон элсэн дээгүүр урсдаг учраас амарч зугаалах. Халуун элсээр
уламжлалт эмчилгээ хийх. Хоолойн өвчтэй, ханиад томуу амархан хүрдэг хүүхэд,
настай хүмүүст элсэн дээр хөл нүцгэн явах, элсээр шарлага хийхэд тохиромжтой
байдаг байна.
Тухайлбал үдийн халуунд голын усанд ороход ус нь халаасан юм
шиг бүлээхэн байдаг аж. Мөн нар шингэсний дараа ч ус нь бүлээн, зөөлөн бүтэцтэй
байдаг. Завхан голын дунд орших элсэн арал нь зэрлэг чацарганын төгөлтэй.
Дөрвөлжин сумын нутагт орших Завхан голыг зорьж очвол байгалийн зэрлэг жимсний амтыг заавал мэдрээрэй.
Учир нь Завхан голын эрэг дагуу Монгол элсний захаар ургах Хар бутны зэрлэг буюу байгалийн чацаргана нь өргөстэй, халуун хүйтэнд тэсвэртэй, тослог ихтэй.
Говь нутагт ургах энэ чацаргана нь чацарганын дэд зүйл болох
Hippophae rhamnoides L.ssp mongolica Rous-ийн төрөл зүйл аж. Энэ төрөл зүйл,
байгалийн чацарганын химийн бүрэлдэхүүнийг авч үзвэл сахар 4,6-6,7 хувь, тослог
1,5-4,0 хувь, С амин дэм 107,0-149,6 мг/ хувь агуулагддаг байна. Жимс жимсгэнэ нь
витамин, эрдэс бодис, антиоксидант, уураг, эслэг ихээр агуулдаг. Тиймээс цитрус
жимсээс 9-12 дахин их витамин С агуулдгаараа онцлогтой.
Мөн Дөрвөлжин сумын чацарганын "Хар бут" цехээс нутгийн чацарганаар хийсэн зайрмаг, өтгөрүүлсэн шүүс, чанамал, ундааг худалдан авах боломжтой юм.
Завхан гол, Их Монголын элс
Завхан голын хөвөө