Турк Улс энэ жил 75 монгол оюутанд тэтгэлэг олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ"Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг–АТА" ТББ-ын хамт олон тус улсад тэтгэлгээр дээд боловсрол эзэмшихээр явах гэж буй залуусыг энэ сарын 7-нд хүлээн авч уулзав.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз энэ үеэр нээж хэлсэн үгэндээ тус улсын тэтгэлгээр энэ жил монголоос 75 оюутан суралцахаар болсон гэдгийг онцлов. Уулзалтын хүрээнд "Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг–АТА" ТББ-ын удирдлагууд болон тус улсад их дээд сургуульд суралцаж төгссөн залуучууд Турк Улс болон Турк Улсад хэрхэн дээд боловсрол эзэмшсэн тухай мэдээлэл өгсөн байна.
БНТУ-ын Хилийн чанад дахь туркууд, ах дүү нийгэмлэгүүдийн газрын ивээл дор явагдсан 2016-2017 оны хичээлийн жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтад дэлхийн 170 гаруй орноос 92780 хүсэлт ирсэн байна. Үүнээс 4000 оюутан энэхүү тэтгэлгийг авах эрхтэй болсны 75 нь монгол оюутан юм. Тодруулбал, 30 нь бакалавр, 33 нь магистрантур, 12 нь докторантурт суралцана.
Өнөөдрийг хүртэл тэднээс 65 нь бүртгэлээ хийлгээд байгаа аж.
Б.Туул