БУЛГАН: Онцгой байдлын газрын баг тамирчид багийн дүнгээр тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-06 10:31:29

Булган,2024 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах "Нада буга-2024" тэмцээнийг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.


Довтолгооны шат төрөлд УБТЗ-ын тамирчин, спортын мастер Н.Пүрэвдаш 14.65 секундын амжилтаар тэргүүлсэн бол Булган аймгийн ОБГ-ын тамирчин, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ 14.68 секунд, Орхон аймгийн ОБГ-ын 1-р багийн тамирчин, ОУХМ Г.Энхтөр 15.23 секундын амжилтаар удааллаа.


4x100 метрийн буухиа төрөлд УБТЗ-ын баг 1.01.42 секундын амжилтаар тэргүүлж Увс аймгийн ОБГ-ын баг 1.03.37 секунд, нийслэлийн ОБГ-ын 3-р баг 1.03.53 секундын амжилтаар шалгарлаа.


Саадтай 100 метрийн төрөлд Орхон аймгийн ОБГ-ын 1-р багийн тамирчин, спортын дэд мастер Я.Энхбаяр 16.97 секундын амжилтаар тэргүүлж, Дархан-Уул аймгийн ОБГ-ын 1-р багийн тамирчин, спортын мастер С.Төрбат 17.14 секунд, Булган аймгийн ОБГ-ын тамирчин, спортын дэд мастер Б.Мөнх-Эрдэнэ 18.46 секундын амжилтаар удааллаа.


Байлдааны тархалтын төрөлд Булган аймгийн ОБГ-ын баг 29.57 секундын амжилтаар тэргүүлж, нийслэлийн ОБГ-ын Гандуулга 3-р баг 30.85 секунд, нийслэлийн ОБГ-ын Гандуулга 2-р баг 30.96 секундын амжилтаар удааллаа.

 

Багийн нийлбэр дүнгээр Ш.Баасандорж даргатай Булган аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлж, удаах байрт М.Адъяабаатар даргатай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, А.Дашням даргатай нийслэлийн Онцгой байдлын газрын Гандуулга 3 баг тус тус шалгарч, цомын эзэд боллоо.


Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь БНХАУ-д болох дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд оролцох баг тамирчид сонгон шалгаруулах хүрээнд зохион байгуулсан гэдгээрээ онцлог юм.



相关新闻