С.Цацралт “Хоёр цаг” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Гамма” агентлагийн гэрэл зурагчин, гэрэл зургийн сурвалжлагч С.Цацралт “Хоёр цаг” үзэсгэлэнгээ Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнг нээх үеэр тэрээр, "Монгол Улсын үе үеийн гүүрийг холбосон сонирхолтой үйл явдлууд, халуун сэдвүүд багтаж нэг мянганаас нөгөө мянганд шилжсэн бүхэл бүтэн зуун солигдсон үеийг хамарч байгаа. Монгол орондоо амьдарсан үеийнхээ агшин хормуудыг гэрэл зурагт буулгасан нь миний бүрэн түүх, илэрхийлэхийг хүссэн бүх агуулга энэхүү үзэсгэлэнгээр минь дамжин илэрч байгаа" гэдгийг онцоллоо.
Тэрээр 1984 оноос өнөөдрийг хүртэл авсан 120 гаруй бүтээлээрээ ийнхүү гурав дахь бие даасан үзэсгэлэнгээ ард түмэндээ толилуулж буй нь энэ юм. Бүтээлүүд нь агуулгын хувьд түүхэн хүмүүсийн хөрөг, түүхэн үйл явдал, байгалийн гэрэл зураг гэсэн гурван хэсэгтэй.
Үзэсгэлэнгийн бүтээлүүд бүгд Лимитэд эдишин /limited edition/ бөгөөд бүтээл тус бүрд Монголын Галерейн холбоо, Монголын Гэрэл зургийн нэгдсэн холбоо хамтран баталгаа гаргаж өгөх юм. Үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейгээс гадна Тара арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19-нийг дуустал гарна.