“Амазон” компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 2 их наяд ам.доллароос давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2024 оны зургаадугаар сарын 27 /Forbes/. Лхагва гарагт “Amazon” компанийн хувьцааны үнэ 3.9 хувиар өсөж, 193.61 ам.долларт хүрснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 2 их наяд ам.доллароос давжээ.
Ингэснээр тус компани "Nvidia", "Apple", "Alphabet", "Microsoft" гэсэн технологийн аварга компаниудын дараа зах зээлийн үнэлгээ нь эл босгыг давсан АНУ-ын тав дахь компани боллоо.
Сүүлийн үед хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны технологи хөгжүүлж буй эсвэл хиймэл оюун ухааны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг корпорацуудад идэвхтэй хөрөнгө оруулах болжээ. Үүнийг дагаад хиймэл оюун ухаанд зориулсан чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Nvidia" компанийн хувьцаа жилийн хугацаанд хэдэн зуун хувиар өсөж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болсон юм.
“Амазон” компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 27.5 хувиар өссөн бол технологийн салбарын NASDAQ индекс 18 хувиар дээшилжээ.