Сирийн эсрэг хоригуудыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-29 11:37:39

БРЮССЕЛЬ, 2025 оны тавдугаар сарын 29 /Reuters/. Сирийн эсрэг авсан аюулгүй байдалтай холбоотойгоос бусад бүх эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах тухай хуулийг Европын Холбооны /ЕХгишүүн орнууд лхагва гарагт баталжээ. 


Ингэснээр дайны хөлд нэрвэгдсэн тус улсыг богино хугацаанд сэргээн босгохын тулд Сирийн Төв банк болон бусад зээлдэгчид Европын санхүүгийн зах зээлд дахин нэвтрэх боломжтой болно. ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа дээрх шийдвэр хэрэгжиж эхлэх юм. Өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар тус холбооноос Сирийн эсрэг авсан хоригуудыг цуцлахаар шийдвэрлэсэн билээ.  


ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мэдэгдэхдээ, энэ шийдвэр бол хийх ёстой зөв зүйл мөн гээд, энэ түүхэн цаг үед Сирийн сэргээн босголт, сиричүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх улс төрийн шилжилтийг ЕХ чин сэтгэлээсээ дэмжиж байна хэмээн хэлжээ.


Сирийн шинэ удирдлагад боломж олгож байна гэж Германы Гадаад хэргийн сайд Иоханн Вадефуль өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд, сэргээн босголтод нийт хүн ам, бүх шашны бүлгийг хамруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Башар аль-Асадын дэглэм нуран унаснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрч буй энэ үед нэгдмэл Сири улс ирээдүйгээ өөрсдийн гараар бүтээх нь чухал болохыг тэрбээр онцолжээ.  


Мөн тус улсад нөхцөл байдал тогтворжсоны дараа ЕХ-ны орнуудад ирсэн Сирийн олон зуун мянган дүрвэгч эх орондоо буцаж ирэх боломжтой болно хэмээн тус холбоо найдаж байна. Лхагва гарагт гаргасан шийдвэр нь Асадын дэглэмтэй холбоотой хүмүүс ба байгууллагуудын эсрэг авсан хориг арга хэмжээнд хамаарахгүй юм. Мөн мөрдлөг хавчлагад ашиглаж болзошгүй зэвсэг, бараа бүтээгдэхүүн, технологийг экспортод тавьсан хязгаарлалтууд хүчинтэй хэвээр байх ажээ.

 


相关新闻