Пхеньян өдөөн хатгаж болзошгүй гэж АНУ анхааруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /ВВС/. Умард Солонгос дахиад өдөөн хатгасан үйлдэл гаргаж болзошгүй гэж АНУ-ын Засгийн газар анхааруулж байна.
Энэ сарын 10-нд болох эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 71 жилийн ойг тохиолдуулан Пхеньян ээлжит цөмийн туршилтаа хийж, баллистик пуужин харваж болзошгүй гэж АНУ-ын албаны хүмүүс таамаглаж байна.
Умард Солонгосын ГХЯ пүрэв гарагт мэдэгдэхдээ “АНУ ойрын үед “аймшигт бодит байдалтай нүүр тулгарах болно” гэж сүрдүүлсэн билээ.
Харин энэ мэдэгдэлтэй холбогдуулан АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “энэ мэдэгдэл зүгээр нэг хоосон сүрдүүлэг биш байж магадгүй. Пхеньян өдөөн хатгасан үйлдэл хийхээр зэхэж байж болзошгүй” гээд “Умард Солонгост цаашид илүү шахалт үзүүлэхийн тулд манай улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах болно” гэв.
АНУ болон Өмнөд Солонгос ирэх даваа гарагаас хамтарсан цэргийн сургуулилт хийж эхлэх ажээ.
Г.Доржханд