Б.Ганц Израилын онц байдлын засгийн газраас гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИЕРУСАЛИМ, 2024 оны зургаадугаар сарын 10 /DW/. Израилын улстөрч Бенни Ганц онц байдлын засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч байгаагаа ням гарагт мэдэгджээ. Өнгөрсөн 10 дугаар сард ХАМАС бүлэглэлийнхэн Израилын өмнөд нутаг руу гэнэтийн дайралт хийсний дараа Б.Ганц Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн онц байдлын засгийн газарт нэгдсэн юм.
Б.Ганц ням гарагт
мэдэгдэхдээ, “Нетаньяху биднийг жинхэнэ ялалтад хүрэхэд саад болж байна.
Тиймээс бид өнөөдөр онц байдлын засгийн газрыг ихэд гунигтайгаар орхиж байна” гэжээ. Тэрбээр мөн Израилд ирэх намар ээлжит бус сонгууль явуулахыг
уриалсан байна.
Онц байдлын засгийн
газрын бүрэлдэхүүнд Б.Ганцаас гадна Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд Йоав
Галлант нар багтдаг. Б.Ганц
хэлсэн үгэндээ Б.Нетаньяхуг “хоосон амлалт” өгч, Израилын аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагаас илүүтэй өөрийн улс төрийн
оршин тогтнолыг чухалчилсан
гэж буруутгажээ.
Б.Ганц мөн
Й.Галлантад хандан зоригтой байж, “зөв зүйлийг хийхийг” уриалсан байна. Израилын
Батлан хамгаалахын сайд өмнө нь Израилын тал Газын зурвасыг дахин эзлэн авч, удирдах эрхийг авбал "цэргийн кабинетээс" гарч магадгүй гэдгээ мэдэгдэж байжээ.
Б.Ганц бол цэргийн дарга асан бөгөөд төвч үзэлт Үндэсний эв нэгдэл эвсэлд харьяалагддаг. Израилын цэргийнхэн Газад барьцаалагдаад байсан дөрвөн иргэнийг аварсан талаараа мэдэгдсэнээс нэг өдрийн дараа Б.Ганц дээрх мэдэгдлийг хийжээ.
Харин Б.Нетаньяху онц байдлын засгийн газраас гарахгүй байхыг Б.Ганцад уриалсан байна. “Бенни, одоо тулааныг орхих цаг биш, харин хүчээ нэгтгэх цаг нь болоод байна” гэж Б.Нетаньяху X хуудсандаа бичжээ. “Ликуд” нам нь хэт барууны үзэлт эвслийн түншүүдийн хамт засаглах боломжтой тул Б.Ганц "цэргийн кабинетээс" гарах нь Б.Нетаньяхугийн засгийн газарт шууд эрсдэл учруулахгүй юм.
“Еврейн хүч” намын гишүүн, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Итамар Бен-Гвир, Сионизм намын гишүүн, Сангийн сайд Безалел Смотрих нарын хувьд, хэрвээ Б.Нетаньяху ХАМАС бүлэглэлийг устгахгүйгээр гал зогсоож, барьцааны хүмүүсийг суллах гэрээнд гарын үсэг зурвал засгийн газрыг унагана гэж сүрдүүлсээр иржээ. Ням гаргийн орой И.Бен-Гвир Б.Ганцын оронд өөрийгөө нэн даруй томилохыг шаардсан байна.