Э.Блинкен Ойрх Дорнодыг дахин зорино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 8 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ирэх долоо хоногт Ойрх Дорнодыг зорино гэж Төрийн департамент баасан гарагт мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн гал зогсоох саналыг
хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Вашингтоны зүгээс Израил болон
ХАМАС-т шахалт үзүүлэхийг оролдож буй
үед энэ айлчлал болох юм.
Э.Блинкен өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш Ойрх Дорнодод хийж буй найм дахь айлчлалынхаа үеэр Египет, Израил, Йордан, Катарт айлчилж, өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзана.
Энэ удаагийн
айлчлалын хувьд Ж.Байден найман сарын турш үргэлжилсэн дайныг зогсоох шинэ төлөвлөгөө
гаргасны дараа, мөн сүүлийн
өдрүүдэд Израил болон Ливаны “Хезболла” бүлэглэлийн хооронд байдал хурцдаж буй үед тохиож байна.
Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанаар, Төрийн нарийн бичгийн дарга гал зогсоох тухай санал нь израилчууд, палестинчуудын аль алинд нь хэрхэн ашиг тусаа өгөх талаар хэлэлцэх ажээ.
Израил, ХАМАС-ын хооронд гал зогсоохын тулд Египет, Катар болон бусад талын зуучлалын хүрээнд хийсэн хэлэлцээнүүд удаа дараа мухардалд орсон бөгөөд хэлэлцэгч талууд ахиц дэвшил гаргахгүй байгаад харилцан бие биенээ буруутгасаар иржээ.