Украины асуудлаарх бага хуралд оролцохыг Хятадын талд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-06-07 15:30:23

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 7 /VOA/. Энэ сард Швейцар улсад болох Украины асуудлаарх дээд түвшний уулзалтад оролцохыг АНУ Хятадын талд уриалсан тухай Төрийн департаментын төлөөлөгч пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ. 


2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Оросын цэргүүдийн бүрэн хэмжээний довтолгоог эцэс болгох зорилгоор Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн энх тайвны төлөвлөгөөний нөхцөлийг хэлэлцэх дээд хэмжээний уулзалтын урилгыг 100 гаруй орон хүлээн авсан гэж Украины тал мэдэгджээ. Энэ сарын 15-16-ны хооронд болох уулзалтад БНХАУ-тай нягт хамтран ажилладаг ОХУ-ыг уриагүй байна.


Хятадын тал мэдэгдэхдээ, энх тайвны бага хурал үр дүнтэй болох урьдчилсан нөхцөл бол дайтагч хоёр тал хоёулаа оролцох юм хэмээн уг уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.


“Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохыг бид Хятадын талд уриалж байна. Хятад улсын төлөөлөгчид өмнөх ийм уулзалтуудад оролцож байсан бөгөөд тэдний оролцоо тусаа өгсөн гэж бид үзсэн. Энэ удаад ч мөн тусаа өгнө гэж үзэж байна” гэж Төрийн департаментын төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


Тэрбээр мөн хэлэхдээ, Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт дэмжлэг үзүүлж байна гэж АНУ-ын эрх баригчдын үзэж буй компаниудын эсрэг Хятад улс арга хэмжээ авах ёстой бөгөөд ингэснээр "бүр илүү ашиг тусаа өгөх" болно гэжээ.

相关新闻