Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-06-06 16:21:46

ЛОНДОН, 2024 оны зургаадугаар сарын 6 /Reuters/. 1944 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Их Британи, АНУ, Канадын зэвсэгт хүчний десантын 150 мянга гаруй цэрэг Францын баруун хойд нутгийг Германы цэргээс чөлөөлөхөөр Нормандийн эрэгт буусны 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. 


Энэхүү ойг тохиолдуулан ахмад дайчид болон дэлхийн улс орнуудын удирдагчид Нормандид хүрэлцэн ирээд байна. Европын хил дээр, Украинд дайн ид өрнөж байгаа энэ үед  Дэлхийн II дайны эл чухал эргэлтийн үеийг дурсах үйл ажиллагаа нь энэ жилийн хувьд чухал үйл явдал байх болно.


Мөн энэхүү түүхэн ой нь энэ долоо хоногт Европт парламентын сонгууль, ирэх 11 дүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зэрэг олон сонгуультай жилд тохиож байгаа бөгөөд удирдагчид Дэлхийн II дайнтай жишин тусгаарлах үзэл, хэт барууны үзэл баримтлалын аюулаас сэрэмжлүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн 100 ба түүнээс дээш насны ахмад дайчдын тоо цөөрч байгаа тул Нормандид тэднийг байлцуулан хүндэтгэл үзүүлэх сүүлчийн томоохон ёслол энэ болж магадгүй юм.


Ж.Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Их Британийн хаан III Чарльз, Германы Канцлер Олаф Шольц тэргүүтэй төлөөлөгчид Вер-сюр-Мер коммунд болох хүндэтгэлийн ёслолд оролцоно. Гэхдээ 2022 онд Украин руу бүрэн хэмжээний довтолгоо хийж, Дэлхийн II дайнаас хойших Европ дахь хамгийн том зэвсэгт мөргөлдөөнийг өдөөсөн Оросыг уриагүй байна.


“Нацизмыг ялахын тулд украинчуудад Франц зэрэг холбоотнууд, Европын бусад орны дэмжлэг хэрэгтэй байна гэж Европын нэгэн дипломатч хэлээд, В.Зеленский тэнд байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ. “Өнөөдөр Нормандид байгаа бүх хүнээс зөвхөн Зеленский болон амьд сэрүүн байгаа цөөхөн хэдэн ахмад дайчин л дайн гэж юу болохыг мэднэ” гэж дипломатч нэмж хэлсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү үйл явдлын 70 жилийн ойд зориулсан ёслолын үйл ажиллагаанд оролцож байсан юм. Тухайн үед тэрбээр Орос, Украины зөрчлийг зохицуулах зорилгоор Франц, Герман, Украины удирдагчдын хамт Нормандийн формат-ыг холбоо барих бүлгийн хувиар байгуулж байсан бөгөөд уг формат нь Донбасс, Крымийн бүс нутгуудад анхаарал хандуулж байв. Харин өдгөө буюу арван жилийн дараа дөрвөн орон өндөр дээд түвшний дипломат хурал хийхээ больжээ.

相关新闻