БАЯН-ӨЛГИЙ: Дэлхийн арав гаруй орны скаутууд Толбо нуурын эрэг дээр цугларна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын Скаутын холбооноос скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч хүүхэд, залуучуудын майхант цугларалт (жембори)-ыг 4 жилд 1 удаа зохион байгуулдаг уламжлалтай.
Монголын Скаутын холбооноос "Үндэсний VII Жембори"-г долоодугаар сарын 22-27-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт Толбо нуурын эрэг дээр хийх шийдвэр гаргаж, одоо бэлтгэл ажлаа хангаж байна.
Майхантай цугларалтад Скаутын анхан шатны ур чадвар эзэмших төв, Усан парк цогцолбор төв, Эмэгтэй скаутын цогцолбор төв, Олон үндэстэн цогцолбор төвүүд ажиллаж, үндэстэн ястнуудын соёл, зан заншил, аж амьдралтай танилцах, Өлгий хоттой танилцах аялал хийх, Толбо нуурын усыг ашиглан усан дээрх анхны цогцолборыг барих зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн хүүхдүүд байгаль орчинтой дасан зохицож, гадаадын улс орнууд болон Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс ирсэн найзуудтайгаа хэд хоногийг хамт хөгжилтэй өнгөрүүлнэ.
Зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр, тус үйл ажиллагаанд 1500 орчим хүүхэд, сайн дурын ажилтан оролцоно гэсэн хүлээлттэй байгаа. Үүнээс одоогийн байдлаар 1000 орчим скаут бүртгүүлсний 100 гаруй нь гадаад орны хүүхдүүд байна.
Хүүхэд, залуучуудын майхант цугларалтад гадаадын 14 орноос төлөөлөл
оролцохоо мэдэгдсэнээс АНУ, Малайз, Швед, Япон, Непал, БНХАУ-ын скаутууд
бүртгэлээ баталгаажуулаад байгаа ажээ.