Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд Клаудия Шейнбаум тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МЕХИКО, 2024 оны зургаадугаар сарын 3 /TASS/. Ням гарагт болсон Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч "Морена" намаас нэр дэвшигч Клаудия Шейнбаум тэргүүлж байна. Үндэсний сонгуулийн хүрээлэнгээс мэдээлснээр, саналын хуудасны 10 хувийг тоолж дууссаны дараах байдлаар К.Шейнбаум 57.9 хувийн саналыг авчээ.
Түүний гол өрсөлдөгч болох "Мексикийн төлөөх хүч ба зүрх" сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч Сочитль Гальвест сонгогчдын 29.6 хувь нь саналаа өгсөн бол гуравдугаарт, сонгогчдын 10 хувийн саналыг авсан “Иргэний хөдөлгөөн” намын нэр дэвшигч Хорхе Альварес Мэйнс орсон байна.
Мексикийн сонгуулийн хорооны урьдчилсан мэдээллээр, сонгогчдын ирц 58.8 хувиас давжээ.
Зургаадугаар сарын 2-ны ням гарагт Мексикт бүх нийтийн сонгууль болсон юм. Тус улсын иргэд шинэ ерөнхийлөгчөөс гадна, Конгрессын доод танхимын 500 гишүүн, 128 сенатчийг сонгожээ. Мөн найман мужийн захирагч, Мехико хотын даргын сонгууль болсон байна.
Сонгогчдын жагсаалтад 98.3 сая гаруй хүн бүртгэгдсэн бөгөөд орон даяар 170 мянга гаруй санал авах байр нээжээ.
Төрийн дээд албан тушаалын төлөө “Түүхийг үргэлжлүүлэн хамтдаа бүтээцгээе” эвслээс одоогийн ерөнхийлөгчийн залгамжлагч Клаудия Шейнбаум, "Мексикийн төлөөх хүч ба зүрх сэтгэл" барууны эвслийн нэр дэвшигч, сенатч Сочитль Гальвес, “Иргэний хөдөлгөөн” намын Хорхе Альварес Мэйнс гэсэн гурван улстөрч өрсөлдсөн байна.