Тайландын шинэ Ерөнхий сайд үүрэгт ажилдаа оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-08 12:32:08

БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. Тайландын хаан Маха Вачиралонгкорн өөрийг нь томилохыг зөвшөөрсний дараа Анутин Чарнвиракул Тайландын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ. 


Консерватив үзэлт улстөрч тэрбээр улс орондоо ноёрхож байсан улс төрийн “эзэнт гүрнийг” түлхэн унагаснаар ирэх оны эхээр сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.


Ерөнхий сайд асан Пхетхонгтхам Чинаватыг огцруулсны дараа А.Чарнвиракул Ардын намын дэмжлэгтэйгээр ерөнхий сайдыг тодруулах санал хураалтад ялалт байгуулжээ. Гол сөрөг хүчин, парламент дахь хамгийн том нам болох Ардын нам дөрвөн сарын дотор шинэ сонгууль зарлах нөхцөлтэйгөөр А.Чарнвиракулыг дэмжихийг зөвшөөрсөн байна.


Өмнө нь Шадар сайд, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байсан 58 настай тэрбээр 2022 онд Тайландад каннабисыг хуулиар зөвшөөрөхийг дэмжсэн гэдгээрээ нэрд гарсан ажээ.


Бангкок хот дахь А.Чарнвиракулын “Тай үндэстний бахархал” намын төв байранд болсон ёслолын үеэр Вачиралонгкорн хааны зөвшөөрлийг чангаар уншсанаар түүний бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлжээ.


“Миний бие эрхэм дээдсийн итгэлийг хүлээн шударга ёс, ёс суртахуунтай байж, ард түмэн, улс орныхоо сайн сайхны төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно гэж А.Чарнвиракул мэдэгдсэн байна.

 


相关新闻