Ираны Ерөнхийлөгч асан Ахмадинежад нэр дэвшигчээр бүртгүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН, 2024 оны зургаадугаар сарын 3 /TASS/. Ираны Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад энэ оны зургаадугаар сарын 28-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн тухай тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Ираны 14 дэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 30-ны өдрөөс бүртгэж эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Үндсэн хуулийг сахиулах зөвлөл зургаадугаар сарын 4-нөөс эхлэн долоо хоногийн турш нэр дэвшигчдийг хянан хэлэлцэж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр батлах эсэхийг шийдэх юм. Нэр дэвшигчдийн эцсийн жагсаалтыг зургаадугаар сарын 11-нд танилцуулна.
Ираны сонгуулийн штабын төлөөлөгч Мохсен Эсламигийн мэдэгдсэнээр, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцохоор албан ёсоор бүртгүүлсэн нэр дэвшигчдийн тоо дөрөв хоногийн дотор 37-д хүрчээ.
Барууныхныг хатуу шүүмжилдэг, Ираны цөмийн хөтөлбөрийг эрчимтэй хөгжүүлж байснаараа алдартай, Хувьсгалт гвардийн гишүүн асан М.Ахмадинежад анх 2005 онд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан ба 2013 онд дахин сонгогдох хугацаа нь дуусгавар болсон юм.
Исламын шашны 12 лам, хуульчдаас бүрдсэн Үндсэн хуулийг сахиулах зөвлөл 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд М.Ахмадинежадыг оролцохыг зөвшөөрөөгүй байна.
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси тавдугаар сарын 19-нд онгоцны ослоор амиа алдсаны дараа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг товложээ.