БАЯНХОНГОР: Жинст сумын нутагт 3.6 магнитудын газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-03 10:26:47
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт зургаадугаар сарын 2-ны 3:47:23 минутад 3.6 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар зүйн байршил (өргөрөг, уртраг) : 45.05 100.20-д болсон газар хөдлөлт он гарсаар тус сумын нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн хоёр дахь, аймгийн хэмжээнд бүртгэгдсэн тохиолдлын тав дахь нь болж бүртгэгдэв.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд нь Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс хойд зүгт 38 км, Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс баруун зүгт 48 км, Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун урд зүгт 49 км болохыг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн. Сумын иргэдээс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэсэн бөгөөд учирсан хохиролгүй талаар хэллээ.

Тус аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Жинст сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.

Он гарсаар,
  • Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт 2024.1.5-ны 2.51.19 цагт 3.7 магнитудын,
  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт 2024.3.5-ны 20.48 минутад 3.5 магнитудын,
  • Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт 2024.3.24-ний 17.44.56 цагт 4.5 магнитудын,
  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт 2024.5.19-ний 22:52 минутад 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгдээд байсан юм.

Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна. Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.


Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд 3.5-5.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт Баянхонгор, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт мэдрэгдэж бүртгэгдсэн байна.

相关新闻