"Чанъэ-6" аппарат Сарны цаад талд амжилттай газарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-06-02 10:11:58

БЭЭЖИН, 2024 оны зургаадугаар сарын 2 /Xinhua/. Хятадын "Чанъэ-6" аппарат хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны цаад талаас хөрсний дээж авчрахаар манай гаргийн дагуул дээр өнөө өглөө газардлаа гэж Үндэсний сансар судлалын газар (CNSA) мэдээллээ.


Уг аппаратыг зургаадугаар сарын 2-ны өглөөний 6 цаг 23 минутад (Бээжингийн цагаар) радио дамжуулагчуудыг холбодог Цюэцяо-2" холбооны хиймэл дагуулыг ашиглан Сарны цаад талын Өмнөд туйлын (Эйткен) Аполлон тогооны бүсэд урьдчилан сонгосон талбайд амжилттай газардуулжээ. 


"Чанъэ-6" сансрын аппарат нь 8.2 тонн жинтэй бөгөөд тойрог замын, буугч, хөөрөгч болон буцах модулиудаас бүрдэнэ. Буугч  төхөөрөмж нь тойрог замын модулиас ням гарагт салсан байна. Энэ оны тавдугаар сарын 3-нд хөөргөсөн цагаас хойш "Чанъэ-6" нь Дэлхийн тойрог замаас Сар луу нисэх замд орох, Сар орчмын орон зайд тоормослох, Сарыг тойрон нисэх, Сарны гадаргуу дээр буух гэсэн олон үе шаттай даалгавруудыг гүйцэтгэлээ гэж CNSA мэдээлсэн байна.


Газардсаныхаа дараа "Чанъэ 6" хоёр хоногийн дотор Сарны хөрснөөс дээж цуглуулж дуусгах ёстой. Дээж цуглуулах үйл явцыг тасалдалгүй явуулахын тулд "Чанъэ-6"-г зохион бүтээсэн инженерүүдийн баг загварчлалын лабораторийг урьдчилан байгуулжээ. 


Багийн гишүүд "Чанъэ 6"-гийн газардсан талбайн эргэн тойрон дахь Сарны хөрсний төлөв байдлын судалгаанд үндэслэн дээж цуглуулах талбайн бүрэн хэмжээний хуулбарыг бүтээх ажээ.


相关新闻