Энэтхэгийн парламентын сонгуулийн эцсийн шатны санал хураалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-06-01 15:09:25

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны зургаадугаар сарын 1 /TASS/. Энэтхэгийн парламентын гишүүдийг сонгох бүх нийтийн сонгуулийн долоо дахь буюу сүүлчийн шатны санал хураалт өнөөдөр эхэлжээ. Сонгуулийн хорооноос мэдээлснээр, Өмнөд Азийн тус улсын иргэд сонгуулийн 57 тойрогт саналаа өгнө.


Орон нутгийн цагаар 07:00 цагт Бихар, Жаркханд, Баруун Бенгал, Одиша, Пенжаб, Уттар Прадеш, Химачал Прадеш мужууд, түүнчлэн Чандигархын Холбооны нутаг дэвсгэрт 100 мянга гаруй санал авах байр нээгдсэн бөгөөд санал хураалт 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэхүү үе шат нь дөрөвдүгээр сарын 19-нд эхэлсэн бүх нийтийн сонгуулийн сүүлчийн үе шат юм. 


Сонгуулийн хорооны мэдэгдсэнээр, тус улсын 18-аас дээш насны 968 сая /497 сая эрэгтэй, 471 сая эмэгтэй/ иргэн сонгогчдын жагсаалтад бүртгэгджээ. Урьдчилсан мэдээллээр, өмнөх шатнуудын сонгогчдын дундаж ирц 62 орчим хувьтай гарсан байна.


Энэтхэгийн нам, эвслүүд парламентын доод танхимын (Лок Сабха, Ардын танхим) 543 суудлын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд энгийн олонх болохын тулд 272-оос доошгүй суудлыг авах ёстой.

Ажиглагчдын таамаглаж байгаагаар, Үндэсний ардчилсан эвсэл дэх гол хүч болох эрх баригч Энэтхэгийн Ардын нам / Bharatiya Janata Party/ гурав дахь удаагаа дараалан улс орноо удирдах магадлал өндөр байна. Тус эвсэлтэй Энэтхэгийн үндэсний хөгжлийн бүх нийтийн оролцооны эвсэлд нэгдсэн намууд өрсөлдөж байгаа бөгөөд сөрөг хүчний эвслийн гол хүч нь Энэтхэгийн үндэсний конгресс нам юм.  
相关新闻