Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулах хуулийн төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-10-07 14:49:47

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Л.Элдэв-Очир нар боловсруулан, өнөөдөр өргөн мэдүүлэв.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан тэтгэвэр эрт тогтоолгох  болзол нөхцлийг зохицуулсан байдаг. Гэсэн хэдий ч энэ зохицуулалт нь байгаль, цаг уурын хараат байдалд биеийн хүчний хүнд хөдөлмөрийг ажил амралтын горимгүй эрхэлдэг малчдад хамаардаггүй байна. Малчид эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол түгээмэл байгаа юм. Тиймээс малдчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулахаар тусгасан хэмээн УИХ-ын гишүүн С.Чинзориг мэдээлэв.

Тэрбээр, "Нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гардаг. Гэвч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдож нийгмийн баталгаа нь алдагддаг. Тиймээс эхчүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын сангаас тасалдуулахгүй төлөх, төрүүлсэн хүүхдийн тоогоор 1,5 жил нэмж тооцохоор тусгасан. Түүнчлэн сайн дураар даатгуулсан эхчүүдэд 75 хувиар бодож олгодог жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг 100 хувьд хүргэхээр тусгасан байна" гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻