ӨВӨРХАНГАЙ: “Эхийн алдар I, II” одонг 428 ээжид гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-01 20:52:32

Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар I, II” одонг өнөөдөр 428 ээжид гардууллаа.


Энэ жил аймгийн хэмжээнд нэгдүгээр зэргийн одонг 30, хоёрдугаар зэргийн одонг 398 ээж гардан авч байгаа бол үүнээс Арвайхээр сумын хэмжээнд зургаан ээж нэгдүгээр зэргийн одонг, 129 ээж хоёрдугаар зэргийн одонгоо авлаа.


“Өвөрхангай аймаг хүн амынхаа тоогоор улсад хоёрдугаарт жагсдаг. Нийт 118 мянган хүн амтай. Өнгөрсөн жил 365 эх “Алдарт эх"-ийн одон авч байсан бол энэ жил 60 гаруй ээж нэмэгдсэн байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн үр өгөөж дээшилж байдаг” хэмээн аймгийн Засаг дарга И.Доржсүрэн нээлтийн үеэр хэллээ.

 

Арвайхээр сумын иргэн И.Лхамсүрэн:

  •      Сэтгэгдэл маш өндөр байна. Би 2-15 насны дөрвөн хүүхэдтэй. Нэг охин, гурван хүүтэй. Өчигдөр “Дархан бэр” болж,  өнөөдөр төрдөө үнсүүлэн “Эхийн алдар” одонгоо авч байгаадаа маш их баяртай байна. Бүх сайхан ээжүүддээ баяр хүргэе.


Арвайхээр сумын иргэн Б.Ичинхорлоо:

  •      Алдарт эхийн II зэргийн одон авсандаа маш их баяртай байна. Манай том охин 8 дугаар анги, дараагийн охин 5 дугаар анги, хүү маань 6 настай, энэ жил сургуульд орно. Одонгийн охин маань ой, долоон сартай. “Монголын үрс маш олон болох болтугай” гэх үгийг их бэлгэшээдэг. Дахиад бүл нэмнэ гэсэн бодолтой байна. Миний аав эхээс 13-уул, ээж гурвуулаа. Ах дүүс маань ер нь их олон хүүхэдтэй, хамгийн багадаа тав, зургаан хүүхэдтэй өнөр айлууд бий. Олон үр хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн бойжуулж, ирээдүйн их эздийг төлөвшүүлж байгаа ээж, аав нартаа бүгдэд нь баяр хүргэе.



 Арвайхээр сумын иргэн Ц.Одончимэг

  • Машид баяртай үгээр зүйрлэмгүй аз жаргалтай хүндэтгэл хүлээсэн өдөр байна. Өчигдөр өмнөтгөл болж, “Уран бэр”-ийн шагналаа гардан авсан бол ураг удмынхаа алтан хэлхээг бэхжүүлэн “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор өнөөдөр энгэрээ мялаалаа. 

          Би дөрвөн охины ээж. Том охиноо 20 настай төрүүлж байлаа. Таван настай, гурван настай, ой найман сартай                        охидтой. Одонгоо зүүхдээ тэртээ 1990 онд ээжийнхээ өмсөж байсан одоо үнэр нь ханхалж, сэтгэл нэвт шингэсэн                  дээлээр гангарч ирлээ.

           Магадгүй, хэдэн жилийн дараа “Алдарт эх” I одон зүүгээд дурсамж болон үлдэх тэрхүү өдрийг зөнтэйгээр битүүхэн               хүлээж байгаагаа нуухгүй ээ. Монголын үрс маш олон болж, ээжүүд бидний сэтгэл цагаан сүү шигээ амгалан байг ээ.



相关新闻