ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 708 ихэр хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-31 16:24:28

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 43668 хүүхэд байна. Энэ нь нийт хүн амын 37.8 хувийг эзэлж байгаа юм.


2023 онд 2268 хүүхэд төрсний 51.1 хувь нь эмэгтэй, 48.9 хувь нь эрэгтэй байна. Тэдгээрээс 708 нь ихэр гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Нийт ихэр хүүхдийн 702 нь хоёр ихэр, зургаа нь гурван ихэр аж. 2023 онд ихэр хүүхдийн тоо 696 байжээ.


Хүүхдийн ордны дэргэд 15 дугуйлан тогтмол хичээллэж, үүнд 2023 оны байдлаар давхардсан тоогоор 8000 орчим хүүхэд хамрагдсан бол урлаг, спортын уралдаан тэмцээнд 35 мянган хүүхэд оролцсон байна.


Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 2024 он гарсаар хүүхэд хамгааллын чиглэлээр 24 нөлөөллийн ажил зохион байгуулж, 5400 гаруй хүүхдийг, хөгжил, оролцооны чиглэлээрх үйл ажиллагаанд 6800 гаруй хүүхдийг оролцуулжээ. Хүүхэдтэй холбоотой 19 өргөдөл, санал хүсэлт ирснийг хүүхдийн эрхийн улсын байцаагч хянан шалгаж, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн гурван иргэнд холбогдох арга хэмжээг авсан байна.




相关新闻