АНУ, Хятадын Батлан хамгаалахын сайд нар Сингапурт уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СИНГАПУР, 2024
оны тавдугаар сарын 31 /The Straits Times/. АНУ, БНХАУ-ын Батлан
хамгаалахын сайд нар
Сингапурт болж буй бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх форумын хүрээнд уулзсан нь сүүлийн 18 сарын хугацаанд болсон ийм өндөр түвшний анхны уулзалт боллоо.
Энэхүү уулзалт
нь АНУ, БНХАУ-ын геополитикийн хурцадмал байдлын эх үүсвэр болсон Тайванийн
ойролцоо Хятад улс байлдааны хөлөг онгоц, сөнөөгч онгоцуудаа илгээснээс хэдхэн хоногийн дараа болж байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин болон таван сарын өмнө албан тушаалдаа томилогдсон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Дун Жюнь нарын уулзалт “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхлэхийн өмнө Шангри-Ла зочид буудалд 12:50 цагт эхэлжээ. Талууд энэ оны дөрөвдүгээр сард утсаар ярьж, Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолой зэрэг маргаантай асуудлуудын талаар хэлэлцсэн юм.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 2022 оны наймдугаар сард Тайваньд айлчилсны
дараа тасарсан цэргийн харилцааг сэргээх талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2023
оны 11 дүгээр сард Сан-Франциско хотноо уулзах үеэр хийсэн тохиролцоо хэрэгжиж байгааг
өнөөдрийн уулзалт харууллаа. Түүнээс хойш хоёр орон санаандгүй мөргөлдөөнөөс урьдчилан
сэргийлэхийн тулд арми-цэргийн харилцаа холбоо шаардлагатайг онцолсоор иржээ.
Гэвч АНУ Хятадын компанийн эзэмшдэг “ТикТок”
нийгмийн сүлжээг хориглож, Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийг зах зээлийн эрэлтээс хэтрүүлэн нийлүүлж
байна гэж буруутгаж, Хятадыг Украины эсрэг дайнд Оросыг дэмжиж байна гэж үзэж байгаа зэргээс шалтгаалан хоёр том
гүрний харилцаа хурцадмал хэвээр байгаа бөгөөд Тайванийн хоолой нь хоёр талын хооронд
халуун цэг болж байна.
АНУ-ын холбоотон, өөрийгөө захирах эрхтэй Тайванийг Хятад улс өөрийн газар нутаг
хэмээн мэдэгддэг. Арлын
тусгаар тогтнолыг дэмжигч Ардчилсан дэвшилтэт нам 2016 онд засгийн эрхэнд гарснаас хойш үүссэн хурцадмал байдал тавдугаар сарын 20-нд засаг захиргааны тэргүүнээр Лай Чиндэ тангараг өргөсний дараа улам
хурцаджээ. Хятадад түүнийг “аюултай салан тусгаарлагч” гэж үздэг байна.
2023 оны “Шангри-Лагийн
яриа хэлэлцээ”-нд оролцсон
Хятадын Батлан хамгаалахын сайд,
генерал Ли Шанфу Л.Остины уулзах урилгыг хүлээн авахаас татгалзаж байсан бөгөөд учир нь ОХУ-аас тоног төхөөрөмж худалдан авах ажиллагаанд оролцсоных нь төлөө тавьсан Ли Шанфуд тавьсан хоригоо АНУ цуцлаагүй байжээ.
Ли Шанфу зургаадугаар
сард чуулга уулзалтад оролцсоноосоо хойш хэдэн сарын турш олон нийтийн өмнө үзэгдээгүй бөгөөд 10 дугаар сард түүнийг албан тушаалаас нь огцруулсан юм.
Улмаар Тэнгисийн цэргийн хүчний командлагчаар ажиллаж байсан адмирал Дун Жюнь өнгөрсөн оны 12 дугаар сард түүний
оронд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон юм.