ТӨВ: Дэвтрийн анхны хэлбэр "Үнсэн самбар"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-31 15:09:04

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Төв аймгийн музейд ХХ зууны дунд үед хамаарах үнсэн самбар хадгалагдаж байна. Тус самбар нь улаан шунхан гадартай, 6 хуудастай, 17см х 6 см х 2.5 см хэмжээтэй, 900 гр жинтэй байна.


Үнсэн самбарын тухайд...

Үнсэн самбар нь монголчуудын бичиг соёлын хэрэглэгдэхүүн бөгөөд бичиг үсгийн сургалтад ялангуяа гэрийн сургуульд маш чухал ач холбогдолтой. Үнсэн самбар дээрх бичгийг арилгаж дахин бичиж болдог учраас цаас ховор үед бичгийн гол хэрэгсэл байв.


Анх үсэг сурах, зураг зурж байхад гол хэрэглэдэг зүйл бол үнсэн самбар болж байв.



Түүнийг хийх арга нь самбарын хэмжээгээр мод зүсэж аваад түүнийхээ 3 талд гурви, товх гаргаж улмаар шилийг илгээр наана. Дараа нь самбар тус бүрийн хоёр талын хавтсанд хөөтэй хольсон хонины түүхий нугас түрхэнэ. Нугасыг ихдүүлбээс тос дааварладаг. Тиймээс нугасыг сайн тааруулж түрхэнэ. Ингээд нунтагласан ясны үнс түрхэж цагаан болгох бөгөөд зарим хэсэгт аргалын үнс түрхэж байжээ.


Самбар дээр шовх үзүүртэй хулс, яс, эвэр зэргээр элдэв дүрс зурж заалгана. Хэрэв самбар дээр зурсан дүрс эвгүй болбол үнсээр арчиж арилгаад дахиад зурж ашигладаг байв.


Эх сурвалж: Төв аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Э.Оюун

 

相关新闻