Малчид, хувийн хэвшлийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-10-07 14:33:28

УИХ-ын гишүүн С.Чинзориг өнөөдөр “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг” өргөн мэдүүлэв. 

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300 мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг  эдийн засгийн томоохон салбаруудад 240 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ нь нийт ажиллагчдын 47.5 хувийг эзэлдэг аж. Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан төлөвтэй байна. Энэ байдал үргэлжилвэл нийгмийн халамжийн сангаас   тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсч төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавартай хэмээн УИХ-ын гишүүн С.Чинзориг хэллээ.

Тэрбээр, “Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэхүү хуулийн төсөл батлагдвал малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлөх сонирхол нь нэмэгдэж, улсын төсөвт 490 тэрбум төгрөг төвлөрнө” гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻