Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-26 12:40:05

ИЕРУСАЛИМ, 2024 оны тавдугаар сарын 26 /Xinhua/. Израилын тал Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээг Египет, Катар, АНУ-ын зуучлалаар ХАМАС-тай ирэх долоо хоногт үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж Израилын төрийн өмчит "Кан" телевиз бямба гарагт мэдээлжээ.


Тодруулбал, Израилын Моссад тагнуулын агентлагийн дарга Давид Барнеа баасан гарагт Парист болсон уулзалтын үеэр Израилын онц байдлын засгийн газрын баталсан шинэ саналыг АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бернс болон Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Танид танилцуулсан байна. 


Израилын засгийн газрын нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтны хэлснээр, дээр дурдсан гурван албан тушаалтан Египет, Катараас дэвшүүлсэн шинэ саналуудын дагуу ирэх долоо хоногт хэлэлцээг АНУ-ын оролцоотойгоор үргэлжлүүлэх талаар хэлэлцжээ. 


"Кан" телевизийн мэдээлснээр, У.Бернс өмнөх хэлэлцээнүүд мухардалд ороход нөлөөлсөн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг санал болгосон бөгөөд удахгүй болох хэлэлцээг Египет, Катар удирдаж, АНУ идэвхтэй оролцох ажээ.


Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээний Египетэд болсон өмнөх үе шатны хувьд энэ сарын эхээр мухардалд орсон юм.

相关新闻