Ази-Номхон далайн улсуудын эдийн засаг 6.4 хувиар өсөх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /Kyodo/. Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй улсуудын эдийн засаг энэ онд 6.4 хувиар өснө гэж Дэлхийн банк урьдчилан таамаглаж байна. Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотойгоор тус бүс нутгийн эдийн засаг өнгөрсөн оныхоос 0.1 хувиар бага хувиар өсөх хандлагатай байгаа ажээ.
Бүс нутгийн 14 улс, тэдгээрийн дотор БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн улсуудын эдийн засгийн урьдчилсан таамгийг тус банк лхагва гарагт гаргажээ.
6.4 хувь гэдэг нь тус банк өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан урьдчилсан таамгаа 0.1 хувиар нэмсэн үзүүлэлт юм.
Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ онд ч саарах төлөвтэй байна. Мөн түүхий эдийн үнэ унаж байгаатай холбоотойгоор Малайзын эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байгаа аж.
Харин Филиппин болон Индонезийн эдийн засаг дотоодын эрэлт нэмэгдэж буйн учаар тогтвортой өсөх төлөвтэй байна. Тус хоёр улсын засгийн газрууд ажлын байр бий болгоход идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.
Аж үйлдвэржсэн улсуудын эдийн засгийн өсөлт саарч, дэлхийн худалдааны эргэлт буурч байгаа нь хөгжиж буй улсуудын эдийн засгийн өсөлтийг хойш татаж болзошгүй гэж Дэлхийн банк анхааруулахын сацуу төсвийн сахилга батыг бэхжүүлэхийг улс орнуудад уриаллаа.
Г.Доржханд