ДУНДГОВЬ: “Дундговь судлал-2023” номыг кирилл болон монгол бичгээр хэвлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-16 14:31:24
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейгээс зохион байгуулдаг “Дундговь судлал” эрдэм шинжилгээний бага хурлын 2023 оны илтгэл, судалгааны материалыг нэгтгэн кирилл болон монгол бичгээр хэвлэн гаргалаа.


“Дундговь судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг тус аймгийн түүх, соёлын биет болон биет бус өвийг судлах ажлыг эрчимжүүлэх, судалгааны ажилд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулахаар жил бүр зохион байгуулдаг ба энэ хуралд танилцуулсан илтгэлээр ном болгон гаргадаг. Харин энэ жил анх удаа кирилл болон үндэсний монгол бичгээр хэвлүүлсэн нь онцлог юм.


"Дундговь судлал-2023" номд “Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа Дундговь аймагт хамаарах аман зохиолын хэрэглэгдэхүүний тухай” Аюушжавын Алимаагийн илтгэл, илтгэгч Ц.Цэлхгаравын “Дундговь аймгийн нутаг дахь хүрлийн үеийн дурсгалууд”, Л.Амаржаргалын тавьсан “Зохиолч С.Буяннэмэх уран зохиолын дугуйланг удирдаж байсан нь”, "Дэл уулын гайхамшиг" ТББ-ын тэргүүн Бичээчийн Батмөнхийн тавьсан “Дэл уулын менежментийн төлөвлөгөө ба соёлын өвийн хамгаалалтын зарим асуудал”, илтгэгч Р.Бямбаагийн “Уран Я.Гимбэл ламын сийлбэрлэсэн номын модон бар, барласан номуудын тухай” илтгэлүүдийг багтаажээ.


2016 оноос хойш бага хурлыг зохион байгуулж, олон эрдэмтэн, судлаач оролцсон бөгөөд судалгааны үнэтэй мэдээллийг ном болгон хэвлүүлж, баримтжуулан авч үлддэг төдийгүй хэн ч ашиглах боломжтой байдгаараа онцлог.


Илтгэгчид Дундговь аймгийн өв соёл, түүхийн судалгаа, шинжилгээний сонирхолтой илтгэлүүдийг тавьж, орон нутгийн судлах сан хөмрөгийг баяжуулдаг бөгөөд энэ нь зөвхөн тус аймгийг судлаад зогсохгүй, Монголын түүх, соёлын дурсгалуудыг судалгааны эргэлтэд оруулж, мэдээллийг олон талаас нь судалдаг ач холбогдолтой юм. 

相关新闻