Ц.Элбэгдорж: Бид хагаралдаж болсон, одоо ажил хийдэг үндэстэн болъё

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-06 16:48:51

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Зангиагүй уулзалт” хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн уулзалт нь УИХ-ын сонгуулийн дараа уулзаж буйгаараа онцлог болж байна хэмээн тодотгов. Мөн тус уулзалтыг хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулах байдлаар нээлттэй явья гэдгээ хэлсэн бөгөөд үүгээр асуулт хариулт эхэлсэн юм. Асуулт хариулт нийт 2 цаг үргэлжилсэн. Иймээс тус уулзалтын хүрээнд ярьсан асуудлуудыг багцлан хүргэж байна.

          “Эрдэнэт” үйлдвэрийн ард миний нэг ч төгрөгийн сонирхол байхгүй

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал гэх асуудал дээр ямар байр суурьтай байна вэ. ҮАБЗ дээр энэ асуудлыг хэлэлцсэн үү. Та “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд хувьцаатай юу. Энэхүү хувь эзэмшил дээр ОХУ-ын байр суурь ямар байгаа юм бол?

-Энд ямар нэг хувьчлал болоогүй. Гадны аж ахуй нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуй нэгжид ирсэн. Хэрэв хувьчлал явах байсан бол Засгийн газар ярилцаад УИХ-аар хэлэлцээд хувьчлалын хөтөлбөрт орсоны дараа шийддэг. Нэр томьёоны хувьд бол ингэж ойлгох хэрэгтэй.

ҮАБЗ-өөр энэ асуудлыг ярьсан уу гэж асууж байна. Товч хэлэхэд 1990 оноос хойшхи бүх Засгийн газар ОХУ-тай холбоотой Төмөр зам, Монгол-Росцветмет, Эрдэнэт үйлдвэрийн асуудал дээр үргэлж ярьж ирсэн. Ер нь Засгийн газар гадна байгаа хувийг нэмэгдүүлэх, цаашилбал 100 хувь болгох тал дээр үе үеийн Ерөнхий сайд нар ярьсаар ирсэн. ҮАБЗ-өөр энэ асуудлыг ярина,  ярихгүй гэсэн хууль дүрэм байхгүй. ҮАБЗ-ийн хурлаар энэ асуудлыг яриагүй.

Таныг ард нь байгаа гэж ярьж байна гэж асуулаа. Би хатуу хэлье. "Эрдэнэт" үйлдвэрийн ард миний нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Миний сонирхол гэвэл энэ үйлдвэр цаашаа сайн яваасай гэж хүсдэг. Ямар нэг хувьцаа бий юу гэж байна. Ямар нэг хувьчлал яваагүй. Тиймээс хувьцааны тухай яриа байхгүй.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдлийг харахад "Эрдэнэт"-ийг бодсон эсвэл улс орныг бодсон “үнэр” ч байхгүй. Харин энэ мэдэгдлийн ард энэ ажлыг шалгаж байгаа ажлын хэсгийн ахлагч, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдал харагдаж байгаа юм. Би наадмын өмнө сэтгүүлчдэд яриа өгөхдөө энэ үйлдвэр дээр ямар нэг хууль бус хэлэлцээ байгаа бол шинэ Засгийн газар эхний өдрөөсөө авч хэлэлцээрэй гэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Сангийн сайд 7 дугаар сард томилогдсон. Тэр томилогдсон сардаа өмнөх Сангийн сайдын хэлэлцээг хүчингүй болгох бололцоотой байсан. УИХ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хоёрыг яагаад хуйвалдсан гэж үзэж байна гэхээр, тэд хууль бус зүйлд бололцоо олгоод байна гэсэн үг. Эрх баригчид ийм бололцоо олгож болохгүй. Ц.Нямдоржийн мэдэгдлийг хүлээсэн юм байна гэж ойлгогдож байгаа юм. Энэ бол цэвэр улстөр.

ОХУ “Эрдэнэт” үйлдвэрийн оногдох хувийг манайд өгч байгаа нь стратегийн сонирхолоосоо татгалзаж байгаа хэрэг биш биз дээ гэж асуулаа. 

Энэ бол хоёр орны харилцан итгэлцэл хамгийн дээд түвшиндээ байгааг харуулж байна. ОХУ-ын Ерөнхий сайд Дми́трий Анато́льевич Медведев АСЕМ-ын уулзалтад ирж оролцсон. Энэ асуудал хөндөгдөхөд хоёр орон цаашид шинэ төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах нөхцөл бүрдэж байна гэсэн. Ер нь хоёр тал дахин олон шинэ салбар дээр шинэ харилцаа үүсгээд явах бололцоотой.

               С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлт ахицтай яваа

-С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэг ер нь л илэрчээ гэсэн яриа гараад байгаа. Танд энэ талаар ямар нэг мэдээлэл байна уу. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг яллагдагчаар татагдаад байгаа. Тэрбээр энэ хэрэг дээрээс захиалгатай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Их эвсэл” байгуулж миний эсрэг болголоо гэж мэдэгдсэн?

-Энэ хэрэг дээр мэргэжлийн хүмүүс нойр хоолгүй ажиллаж байна. Энэ хэргийг шалгаж байгаа хуулийнхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар нэг зорилго тавиагүй. Ер нь энэ хэргийн илрүүлэлтэд бид бүхэн туслах ёстой. Хэрэг шүүхийн шат руугаа шилжих түвшинд хүрч байгаа юм болов уу гэсэн ойлголттой байна. Монгол Улсын Ерөнхий прокуророос хяналт тавьж буй хүнийх нь хувьд асууж тодруулдаг.

Э.Бат-Үүлийг би баатар болтол нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ. Би түрүүнд хэлсэн. С.Зоригийн хэргийн илрүүлэлт дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч сонирхол байхгүй. Байх  ч ёсгүй гэж Ерөнхий прокурорт хэлсэн. Ер нь энэ хэрэг улстөрөөс болж илрэхгүй удсан гэж би хардаг. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынханд талархах хэрэгтэй. Маш хүнд нөхцөлд ажиллаж ирлээ. Ерөнхийлөгч болсноос хойшхи өдөр бүр энэ асуудал миний анхаарлын төвд байсан. Монголын ард түмэн үнэнийг мэдэх хэрэгтэй. Энэ хэрэг ахицтай явж байгаа гэдгийг хэлье. Энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр ил болно гэдэгт итгэж байна.                        

               Дотоодын банк, санхүүгийн тэнцвэрийг хадгалах үүднээс

                           “Bank of China”-гаас татгалзах хэрэгтэй

-Монгол Улсад гадны банк орж ирэх бололцоотой юу. Монголын банкуудад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Манай улс банк санхүүгийн үйл ажиллагааг чөлөөлөх, ялангуяа хоёр дахь зах зээлийг бий болгох хэрэгтэй. Манай хувийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн нэг хүний өмч байхаа болих хэрэгтэй. Хувьцаагаа Хөрөнгийн биржээр дамжуулж зараач ээ гэдэг үгийг байнга хэлдэг. Энэ зөв систем рүү орох тухай 4-5 таван жилийн өмнө ярьж байсан. Өнөөдөр бас л ярьж байна.

“Bank of China”-гийн тухай асуудлыг хөндөж байна. Өмнөд хөршүүд манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч, хамтрагч. Гэхдээ манай улс үндэсний аюулгүй байдлын асуудал дээр өөрийн үзэл баримтлалтай. Баримталдаг зарчимтай. Монголын ард түмэнд хэрэгтэй, ашигтай нөхцлүүд дээр бид хамтрах ёстой. Гэхдээ миний хувьд энэ банк манай улсад орж ирэх шаардлагагүй. Харин өөр улс орны шаардлага хангасан, манай улс руу хөрөнгө оруулаагүй банк санхүүгийн байгууллагыг оруулж ирж болох юм. Ингэж бид тэнцвэр хадгалах хэрэгтэй. Ц.Нямдорж энэ банкийг оруулж ирэх хэрэгтэй гэж ярьж байна билээ. ҮАБЗ дээр энэ асуудлыг харин нэг ярина шүү.                         

                  “Стэнд бай” хөтөлбөрт хамарснаар санхүүгийн сахилгатай болно

-“Стэнд бай” хөтөлбөрт манай улс хамарч болзошгүй. Энэ асуудал дээр таны байр суурь юу вэ?

-ОУВС-тай хэлэлцээр хийвэл сайн муу хоёр талтай. Миний байр суурь бол хэлэлцээр хийх ёстой. Өмнөх Засгийн газрын үед ч ийм байр суурьтай байсан. Ер нь Засгийн газар төсвөө оруулдаг, түүнийг нь УИХ тэлж өөр өөрийн тойрогтоо хэдэн төгрөг хаядаг. Дараа нь тодотгол хийдэг. Монголын ард түмэн тавьсан өр зээлэнд нь унадаг. Тиймээс ОУВС-тай хэлэлцээр хийх хэрэгтэй. Монгол улс өндөр хүүтэй зээл авч санхүү эдийн засгаа хүндрүүлж байснаас ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж болох юм.

                             Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх хэрэгтэй

-Сүүлийн үед албан тушаалтны сахилга хариуцлагагүй байдал даамжирснаар улс орны эдийн засаг урагшлахгүй байна. Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл зүгээр юм биш үү гэх яриаг хөндөх боллоо?

-Би хувьдаа Ерөнхий сайдын ажлаа хийх эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог. Парламент нь олон юм яриад байвал Ерөнхий сайд нь тараадаг зарчим тэнцвэрт их хэрэгтэй байна. Хэлдэг ярьдаг хүнээр Монгол дутаагүй, хийдэг бүтээдэг институци хэрэгтэй. Хийдэг институци нь аль оронд Засгийн газар нь байдаг. Үүнтэй холбоотой ямар ч өөрчлөлтийг хийе гэнэ, би дэмжихэд бэлэн байна. Надад өөрийн санал хүртэл бий. Гүйцэтгэх засаглалаа ажил хийлгэдэг болоё. Томилгооны хугацааг хүртэл эргэж харж болно. Монголчууд ажил хийдэг, зах замбараатай, сахилга баттай гольдрол руу орох цаг нь болсон. Хийдэг бүтээдэг чадамжийг заавал дээшлүүлэх хэрэгтэй байна. Улстөрч дараагийн сонгуулиа боддог. Улстөрийн зүтгэлтэн дараагийн үеэ боддог.

                           Цаазын ялгүй болсноор гэмт хэрэгтнийг өршөөсөн хэрэг биш

-Цаазын ялын тухайд та юу хэлэх вэ?

-Цаазын ялгүй болсон ч гэмт хэрэгтнийг бүх насаар нь хорих ял эдлүүлж байгаа. Гянданд бүх насаараа хоригдоно гэдэг амар зүйл биш. Ер нь аль ч газрын шүүх 100 хувь алдаагүй шийдвэр гаргана гэж байдаггүй. Хүн амины хэрэг үйлдсэн гээд гэмгүй хүнд цаазын ял өгчихдөг. Гэтэл буруутан нь олдож байсан тохиолдол манай улсад гарч байсан. Цаазын ялаар муухай хэргийг өршөөж байгаа юм биш. Дээрээс нь цаазын ялыг улстөрийн зорилгоор ашигладаг. Гучаад онд цаазын ялгүй байсан бол улстөр, нийгмийн зүтгэлтнүүдээ аваад үлдэх боломж байлаа. Бид цөөхүүлээ учраас нэг ч хүний амь нас үнэтэй. Өнөөдөр нийгэмшиж байгаа улс орон бүр цаазын ялгүй болох хандлага руу явж байна. Цаазын ялын тухай асуудал хэзээ нэгэн цагт ил болно байх. Манай улсын цаазын ял нь далд, маш хатуу. Ар гэрийнхэн нь оршуулган дээр нь чулуу тавих эрхгүй байдаг. 

Гол ишлэлүүд:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ өргөн дэлгэр хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Өөрчлөлтийг хийвэл нэг л харилцааг хөнддөг байх нь зөв.

--Гэр бүлийн болон бусад хуулийг энэ удаагийн УИХ буцаасан. Энэ нь монголын төр залгамж чанаргүй байна гэсэн дохиог дотооддоо төдийгүй гадныханд өглөө. Тиймээс эдгээр хуулийг сайжруулаад яаралтай өргөн барих хэрэгтэй.

-Засгийн газрын 100 дахь хоног болох гэж байна. Ажиллах боломж олгох ёстой.

-ЗСБНХУ задрахад харьяанд байсан бүх улсууддаа төмөр замыг нь өгсөн байдаг. Гэтэл манайхан “Орос ахгүйгээр бид чадахгүй” гэсэн байдаг. Төмөр зам одоо 100 хувь монголын мэдэлд ирнэ гэхэд хэцүү. Сталины үеийн гэрээ хэлэлцээрийг өөрчилж ашигтай болгоё гэдэг дээр манай улсын бүх удирдлагууд ярьж ирсэн.

-УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин гишүүн “Эргэж коммунизм руугаа орлоо” гэж ярьсан байна. Энэ зүйл дахиж давтагдахгүй. Эргэж ирэх ёсгүй.

-“Малыш” Энхтүвшин гэдэг хүн тань руу ярьдаг. Та гүйцэтгэдэг гэж байна. Сая С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөж явахад анх удаа таарлаа. Арван хэдэн жил огт таараагүй. Надад мессеж бичдэг зүйл байхгүй. Тэр бол огт худлаа.

-Надад Худалдаа хөгжлийн банкинд хувьцаатай байх шаардлага байхгүй. Өнөөдөр монголд 20 саяас дээш төгрөгийн гүйлгээ бүр хяналтад байгаа. Ер нь худал зүйлийн араас явах хэрэггүй.

-Хэмнэлтийг сайд дарга нараас эхлүүлээч ээ. Сайд ямар м.кв өрөөнд суухыг тогтоож өгөх хэрэгтэй. Боломж маш их байна.

-УИХ “Эрдэнэт”-ийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Монголын ард түмэн ижил мэдээлэл авдаг байх ёстой.

-Монголын нийгэм, эдийн засаг, улстөрд юу хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөний дараа тэр боломж бүр дээр ажиллахад бэлэн. Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөд санаа зовох зүйлгүй.

-Төрийн болон улстөрийн албан хаагч оффшор данстай байж болохгүй. Хэрэв данстай бол шууд ажлаас нь халах хэрэгтэй.

--Монгол бол боломжийг алдаад байж болохгүй.Төмөр замаа ав гэж байхад аваагүй. Магадгүй ганц олдох боломж байсан байж магад.

-Бид хагаралдаж болсон. Одоо бид ажил хийдэг үндэстэн болох ёстой.

-Том төслөө хөдөлгөх нь зүйтэй.

-Би хуулийг өмөөрдөг. Би эрх чөлөөг өмөөрдөг. Эрх ашгийн асуудал гарвал Монголоо өмөөрдөг.

-Эцсийн амьсгалаа хураатал Монголын ард түмний төлөө хийх ёстойгоо хийх болно. Гадны улс оронд өндөр байшин аваад давхар иргэншил гуйх ёс суртахуун надад байхгүй.

-Гоё үг цээжилснээр гоё үзэл санаа, гоё үг тогтдог юм биш. Хөдөлмөрлө. Хөдөлмөрлөвөл үг, үзэл санаа тогтоно.

 

Тус уулзалтыг МСНЭ-ээс зохион байгуулсан бөгөөд уулзалтыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хөтлөн явуулав.

Б.Туул

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

相关新闻