2024-2025 оны хичээлийн жилд ӨМӨЗО-ы их, дээд сургуульд тэтгэлгээр оюутан суралцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.
Тавих шаардлага:
-Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна;
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.
Тэтгэлэгт багтах зардал:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зардал багтана:
-Сургалтын төлбөр
-Дотуур байрны төлбөр
-Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/
-Эрүүл мэндийн даатгалын зардал
Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.
Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:
Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиудын дотроос 2 сургууль 2 мэргэжлийг сонгох бөгөөд сургуулиуд өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалт хийх юм.
2024 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 14-ний өдрийн 23.59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ.
2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах их дээд сургууль, мэргэжил, бүртгэл, бүрдүүлэх бичиг баримт, сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/155698 холбоосоор авах боломжтой.