ДУНДГОВЬ: Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр 1004 ширхэг мод суулгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийн хүрээнд Мандалговь
хотод 1004 ширхэг мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10
дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг бүх нийтээр
мод тарих үндэсний өдөр болгон зарлаж, энэ өдөр бүх нийтээр мод, бут, сөөг,
цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон
хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан байдаг.
Тиймээс энэ сарын 11-нд тохиосон бүх нийтээр мод тарих энэ өдрөөр Дундговь аймгийн 15 суманд мод тарих ажлыг зохион байгуулж, аймгийн төвд төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх
байгууллага нийтийн эзэмшлийн талбай, зам дагуу нарс, монос, агч, улиас,
хайлаас зэрэг 1004 ширхэг мод суулгажээ. Модны суулгацыг Сэлэнгэ аймгаас авч ирсэн байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат иргэдэд хандан "тарьсан
модыг хүн бүр хайрлаж, чөлөөт цагаараа арчлан хамгаалж, усалж, тордож чадвал бид
амьдарч буй орчноо сайхан болгож, “ногоон аймаг” болоход ойрхон байна, тиймээс бүгдээрээ
хамтдаа зүтгэе" гэж уриаллаа.
БОАЖГ-аас “Тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ” уриалгыг дэвшүүлж, мод тарих иргэд, байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа юм.