ДУНДГОВЬ: Уралдаанд оролцогч хүүхдүүд нутаг нутгийнхаа уртын дууны ая дангаар дууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-14 11:34:47
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өсвөрийн уртын дуучдын “Дуртмал сайхан” улсын уралдааныг Мандалговь хотноо зохион байгуулж, 5 аймаг, Улаанбаатар хотын 65 хүүхэд оролцон уртын дуугаа уянгалуулж, ая эгшгээ өргөлөө.


Зууны манлай алдарт уртын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Дорждагвын 120 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраас тус уралдааныг санаачлан зохион байгуулж, Соёлын яам, аймгийн ЗДТГ, Уртын дуучдын холбоо, “Дарждагва сан” дэмжин оролцжээ.


Уртын дууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уртын дуу дуулаачдын үргэлжлэл, залуу дуучдыг тодруулахаар зохион байгуулж буй тус уралдааныг Монгол Улсын Ардын жүжигчин А.Нэргүй, СУИС-ийн уртын дууны багш, урлаг судлалын ухааны доктор, гавъяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Монгол Улсын Консерватурын багш, Соёлын тэргүүний ажилтан Ц.Насанбат нар шүүж, өсвөрийн шилдэг урдын дуучдыг шалгарууллаа.


“Дуртмал сайхан” улсын уралдааны Гран при шагналын эзнээр Дундговь аймгийн өсвөрийн уртын дуучин М.Цэрэнханд тодорч, Ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр анги, 10-12 дугаар ангийн ангилалд эрэгтэй, эмэгтэй дуучдыг шалгаруулсан юм.  


Шилдэг морин хуурч хүүхдээр Говьсүмбэр аймгаас оролцогч Х.Мөнгөншагай шалгарч, Дундговь аймгийн оролцогч У.Дамдинжамц, З.Сумъяабазар нар удаах байрыг эзэллээ.


Түүнчлэн "Ж.Дорждагва сан"-гийн нэрэмжит шагналаар Дундговь аймгийн оролцогч Б.Нинжбадгар, Говьсүмбэр аймгийн оролцогч Т.Энхмаа нар шагнуулсан бол Шүүгчдийн нэрэмжит шагналаар Өмнөговь аймгийн оролцогч М.Аззаяа, Б.Жавхлан нар, Тусгай шагналаар Говьсүмбэр аймгийн оролцогч З.Мөнхболд, Дундговь аймгийн оролцогч Н.Эмүжин нар шагнуулжээ.


Уралдаанд оролцогч хүүхдүүдийн ур чадвар сайн байгааг уралдааны шүүгч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг онцолж, оролцогч хүүхдүүд нутаг нутгийнхаа уртын дууны аян дангаар дуулж байгааг тодотголоо. Тухайлбал, Өмнөговь аймгийн хүүхдүүд Говь шанхын уртын дуугаа, Говьсүмбэр аймгаас оролцож байгаа уртын дууч хүүхдүүд боржгин уртын дуугаа, төвөөс оролцож байгаа хүүхдүүд ихэвчлэн төв халх уртын дууг дуулж, уралдаандаа оролцсон байна. 















相关新闻