ГОВЬ-АЛТАЙ: Гэр бүлийн зөвлөгөөнд 88 багийн 150 гаруй гэр бүл оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-15 12:04:48

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд “Хамгийн дулаахан газар” аймгийн гэр бүлийн зөвлөгөөн Алтай хотноо болж байна.


Гэр бүлийн эерэг харилцааг бий болгох, эцэг эхийн хамтын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлоо дээдлэн өрх бүр угийн бичгээ хөтөлж үр хүүхдүүддээ өвлүүлэх, гэр бүлийн боловсролоор дамжуулан гэр бүлийн хөгжил, хамгаалал, оролцоог бэхжүүлэх зорилгоор “Хамгийн дулаахан газар” аймгийн гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа тухай МЭХ-ны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Э.Энхнаран танилцууллаа. 



Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл, “Дэлхийн зөн Монгол” Говь-Алтаы орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнд аймгийн 18 сумын 88 баг, албан байгууллагын төлөөлөл нийт 150 гаруй гэр бүл оролцож байгаа нь онцлогтой юм. Мөн түүнчлэн зөвлөгөөнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, сэтгэлзүйч, лектор Г.Наранбаатар, дуучин СТА С.Гантогоо, Л.Насанбуян нар хүрэлцэн ирж оролцож байна. 



Зөвлөгөөнөөр сэтгэлзүйч, лектор Г.Наранбаатар сэтгэлзүйгээ удирдах ур чадвар, Харилцаа, хандлагын ур чадвар Мэдээлэл боловсруулах ур чадвар сэдвүүдээр лекцээ хүргэсэн бол гэр бүлийн эрүүл мэнд-аяганы соёл, төрөөс гэр бүлийн талаар баримталж буй бодлого, угийн бичиг хөтлөх зөвлөгөө мэдээлэл, гэр бүл ба жендэр, гэр бүлийн аз жаргал, гэр бүлийн эдийн засаг гэх мэт сэдвүүдээр холбогдох албанаас илтгэл, мэдээллүүд хүргэх юм.


Ташрамд сонирхуулахад, 2021 оны судалгаагаар Говь-Алтай аймагт нийт 16,5 мянган өрх байна. Тэднийг байршлаар нь авч үзвэл аймгийн төвд 29,7 хувь, тосгонд 2,8 хувь, сумын төвд 20,5 хувь, хөдөө 47 хувь нь амьдарч байгаа аж. Харин өрхийн тэргүүнийг хүйсээр нь авч үзвэл 13047 буюу 79 хувь нь эрэгтэй, 3474 буюу 21 хувь нь эмэгтэй байна. 

相关新闻