ГОВЬ-АЛТАЙ: 91 сувилагч, тусгай мэргэжилтэн, эх баригчийг 158 сая төгрөгөөр шагнаж урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-14 11:13:15

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүдийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж буй “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад ажилладаг 258 сувилагч, тусгай мэргэжилтэн, 36 эх баригч нарын дунд ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж, авсан оноонд нь үндэслэн 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. 


Уралдаанд нийт 214 сувилагч, тусгай мэргэжилтнүүд, 35 эх баригч оролцож, 63 сувилагч, тусгай мэргэжилтэн, 28 эх баригч буюу нийт 91 хүн шагналын болзол хангаснаас 3 сая төгрөөр 25, 2 сая төгрөгөөр 19, 1 сая төгрөгөөр 49 нийт 158 сая төгрөгийн шагналыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас гардан авсан юм. Ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулахдаа хоёр үе шаттай явуулсан байна.


Ингэхдээ багийн зохион байгуулалтаар шалгаруулж нэгдүгээр байр эзэлсэн багийн гишүүдийг тус бүр гурван сая төгрөгөөр, хоёрдугаар байр эзэлсэн багийн гишүүдийг тус бүр хоёр сая төгрөгөөр, гуравдугаар байр эзэлсэн багийн гишүүдийг нэг сая төгрөгөөр, нийт 91 эх баригч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнийг урамшуулжээ.


Үүний сацуу Олон улсын эх баригч, сувилагчдын өдрийг тохиолдуулан Эх баригч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Баруун бүсийн сувилагч тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээний хурлыг аймгийн ЭМГ-аас АШУҮИС-ийн салбар Анагаах ухааны сургуультай хамтран зохион байгуулсан юм.

相关新闻