Б.Эрдэнэбаяр: Биднийг дэлхий морин хуураар хүчтэй мэдэрдэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-13 09:23:43
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төв халхын дуулалт жүжгийн театрын хөгжмийн багш, удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэбаяр хүүхэд залуучуудад хөгжмийн боловсрол олгож, ялангуяа өв соёлоо өвлүүлэн уламжлуулж, морин хуур заан сургаж, 400 гаруй шавь төрүүлжээ. 


Дундговь нутагтаа ажиллаж, бүтээж туурвиж, залуу, өсвөр үеийн морин хуурчдыг төрүүлж, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хөгжмийн багш Б.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Таны суралцсан сургууль, багшийн тань тухай дурсамжаар ярилцлагаа эхэлье!

-Би 1986 онд 10 дугаар ангиа төгсөж, 1994-1997 онд Улаанбаатар хотод Соёлын коллежид суралцан дуу хөгжмийн багш, арга зүйч мэргэжлээр төгссөн. Дараа нь 2003-2007 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж, хөгжмийн зохиолч мэргэжлийг эзэмшсэн.  


Соёлын коллежид суралцахдаа алдарт морин хуурч, багш Ч.Баатархүүгийн, СУИС-д суралцахдаа Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж багшийнхаа удирдлага дор суралцаж, хөгжим гэх агуу урлагт хөл тавьжээ. Нацагдорж багш маань Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул хүн. Багштайгаа нэг нутгийнх гэдэг нь бас их хувь ерөөл байх гэж боддог.


-Ажил, амьдралын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-10 дугаар ангиа төгсөөд 3 жил цэргийн алба хааж, Соёлын коллежид суралцах хүртлээ сумандаа ажилласан. Соёлын төвийн хөгжмийн багшаар хүртэл ажиллаж байлаа. 2 жил ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Захаамин аймагт үндэсний хөгжмийн багшаар ажилласнаас бусад бүх цаг хугацааг нутагтаа зориулжээ.

Сайнцагаан сумын 3 дугаар сургууль, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, МСҮТ, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт хөгжмийн багшаар ажиллаж байгаад одоо Төв халхын дуулалт жүжгийн театрт хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж байна.


-Та хүүхэд залуучуудад хөгжмийн боловсрол олгож, ялангуяа үндэсний морин хуур хөгжмөөр тоглох залуу үеийг бэлтгэж байна. Их олон шавьтай болсон байх?

-2002 онд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Түүнээс хойш мэргэжлийн морин хуурчдын залуу үеийг бэлтгэхэд илүү их анхаарч ажилласан.


Морин хуурын 400 гаруй шавьтай болжээ. Дуу хуур-Өв соёлын өлгий гэсэн нэр хүндийг өргөж явах залуу морин хуурчдыг төрүүлэх зорилгоор “Цагаан суварга” морин хуур үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлаг байгуулж, дугуйлан хичээллүүлсэн.

Шавь нар маань эхнээсээ СУИС төгсөж, мэргэжлийн хөгжимчид болжээ. Тухайлбал, хөөмийч Ц.Баттөр,"Түмэн эх" чуулгын хуурч Х.Дамдин, Ц.Түвшинжаргал, Морин хуурын магистр, багш Г.Намсрайжав, Амарсайхан, Дэлгэрмөнх, Билгүүнтөгс гэх мэт олон сайн хуурч төрөн гарсан.


Би нэг охин, гурван хүүтэй хүн дээ. Охин маань их эмч, удаах хүү маань мөн эмч, хоёр дахь хүү тогооч мэргэжилтэй. Харин бага хүү Нармандах маань аавынхаа мэргэжлийг өвлөж, СУИС-д хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын удирдлага дор Хөгжмийн зохиомжоор суралцаж байна.


Энэ жил “Хөгжлийн гүүр” сургалтын төвийн дэргэд “Хөгжмийн 7 эгшиг” сургалтыг зохион байгуулж, хөдөө хотоос сонирхсон хүүхдүүд ирж амжилттай суралцаж байна. Мэргэжлийн соёл, урлагийн их, дээд, дунд сургууль, "Бадмаараг" ахлах сургуульд элсэх хүүхдүүдийг бэлтгэх хөгжмийн дугуйлан мөн хичээллүүлж байгаа.



-Таны уран бүтээлийн санд 30 гаруй бүтээл бий гэдэг. Бүтээлээсээ танилцуулбал?

-Миний дан хөгжмийн бүтээлүүд зэрэглээн донж /симфони зураглал/, хоёр хийл, альт, эрдүү хийлд зориулсан Квартет, ёочин, симфони найралд зориулсан Рондо, морин хуур үндэсний найрал хөгжимд зориулсан Уран сэтгэмж, “Говь” үндэсний цөөхүүлийн бүтээл, 30 гаруй дуу, романсын бүтээлүүдтэй. Гадаадын болон Монголын хөгжмийн зохиолчдын цөөхүүл хөгжмийн хөрвүүлэг, найруулга олон бий.


Ер нь цаг үеийг туулах, даах, удаан оршиж, үеийн үед хүний оюун санаа, сэтгэлд хүрэх тийм урт настай бүтээл хийхийг зорьдог. Одоо хоёр ч бүжгийн хөгжим хийж байна. Тооноос илүү чанарт, хүнд хүрэх, хүний сэтгэлд илүү хүрэх талаас нь л бодож бүтээлээ хийхийг хичээдэг дээ.


-Морин хуур хөгжмийг барьж ч үзээгүй хүүхдүүдийг мэргэжлийн хуурч болгоно гэдэг багшаас маш их хөдөлмөр, зүтгэл шаарддаг гэж харж байна. Энэ тухай өөрийн бодлоо хуваалцана уу?

-Хүүхдийг морин хуурч болгоно гэдэг маш их ажиллагаа шаарддаг. Хүүхэд бүр хөгжимчин байх албагүй л дээ. Гагцхүү хөгжмийг сурах хүсэл хүүхэд бүрд суулгах нь багшийн хариуцлага. Багшаас, хүүхдээс, эцэг эхээс маш их тэвчээр, сэтгэлийн эр зориг шаардагддаг. Босож, суухаас эхлээд хөгжмийн барилт тавилт гээд хүүхдэд бүх техникийг эхнээс маш зөв суулгаж, сургахын тулд багшийн арга барил чухал.


Морин хуур бол бусад хөгжмөөс онцлог. 10 хуруу, баруун, зүүн тархи зэрэг ажиллана. Хүүхэд нотоо үзнэ, аялгууг яаж сэтгэлээсээ илэрхийлж гаргах вэ гэдэгт суралцана гээд урлаг талаасаа зөндөө олон шаардлага байна. Тэр бүгдэд анхаарах хэрэгтэй болдог.


Морин хуур тоглож сурсан хүүхдийн тухайд биширмээр өөрчлөлтүүд маш их гардаг. Сууж сурдаг, тэвчээртэй болдог, баруун, зүүн тархи хөгжиж, сэтгэх, ухаарах чадварт суралцдаг, зөв хүн болж төлөвшдөг. Зөв харилцаа, бусдыг хүндлэх зан төлвийг олж авдаг. Ер нь энэ маань хүүхдийг багаас нь зөв хүмүүжилтэй болгож, хөгжүүлэх суурь боловсрол олгодог хамгийн гайхамшигтай арга зүй, бидэнд уламжилж ирсэн өв соёл юм.


-Өнгөрсөн жил “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газарт 3000 уртын дууч, морин хуурч хуран чуулж, уяхан замбуу тивийн наран дор ая дуугаа өргөсөн. Энэ их үйлийг бүтээхэд та хөгжмийн багшаар ажиллаж, маш их үүрэг гүйцэтгэсэн дээ?

-Манай томчуудын хэлсэн нэг гайхалтай үг байдаг юм: “Тэнгэр газрыг холбосон эгшиглэнтэй дуу хуур, хөгжимтэй газар Монголоос өөр хаана ч байхгүй” гэж. Тэгэхээр энэ эгшиглэнтэй дуу хуурыг байгаль эх дэлхийдээ, тэнгэртээ өргөх ард түмэн Дундговийнхон байжээ.  



Биднийг дэлхий морин хуураар хүчтэй мэдэрдэг болж байна. Хялгасыг хялгасаар хөрөөдөж эгшиглүүлдэг улс орон Монголоос өөр байхгүй. Монгол хүн дэлхийд өөрсдийн нэгэн том соёлын үүд хаалгыг нээж, дэлхий түүнийг хүлээн авч байгаад учир нь байгаа юм. Аливаа үндэстний хэл, ёс заншил, ахуй соёлын өв уламжлал гэдэг бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүйн баталгаа гэж боддог. Тэгэхээр монголчуудын оюун ухаан, сэтгэлгээний үндэс бол яалт ч үгүй морин хуур юм.


Энэ их өв соёлоо эрхэмлэн дээдэлж, хадгалж, хамгаалах нь бидний үүрэг. Тиймээс 3000 морин хуурч, уртын дууч нэг дор цуглаж, үндэснийхээ тэр агуу өв соёлыг дэлхийд сурталчилж, дуу хуураа өргөсөн.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг байна. Айл бүр морин хуурыг хоймортоо залсан. Морин хуураа сонирхож, тоглох залуучуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад баяртай байдаг. Цаашдаа хүн бүр үндэсний хөгжим болох морин хуураа тоглож сурч, эзэмшиж, хайрлаж, хамгаалж, соёлын энэ их өвөө улам түгээн дэлгэрүүлж байхыг хүсэж байна.


-Ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн их амжилт хүсье. 



相关新闻