К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 11 /CNN/. Францын хөлбөмбөгийн супер од Килиан Мбаппе улирлын төгсгөлд "Пари Сен-Жермен" (ПСЖ) клубийг орхин явна гэдгээ баасан гарагт олон нийтийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгтээ мэдэгджээ.
Өдгөө 25 настай К.Мбаппегийн ярьснаар, тэрбээр Францын багтай байгуулсан гэрээгээ сунгахгүй бөгөөд ням гарагт "ПСЖ"-гийнхэн "Тулуза"-г талбайдаа хүлээн авах үед "Парк де Принс" цэнгэлдэхэд сүүлчийн тоглолтоо хийх ажээ.
"Долоон жилийн дараа надад шинэ сорилт хэрэгтэй гэж бодож байна. Мэдээжийн хэрэг маш хэцүү байна, юун түрүүнд шүтэн бишрэгчиддээ талархаж байна. “ПСЖ" бол хэнд ч хайхрамжгүй ханддаггүй клуб. Би өөрийн хүссэн сонголтоо хийсэн бөгөөд долоон жилийн турш өгсөж, уруудаж байсан ч гэсэн энэхүү нэр хүндтэй клубтэй гэрээ байгуулсандаа хэзээ ч харамсдаггүй. Энэ бол миний насан туршдаа дурсаж явах ёстой клуб" гэж тэрбээр хэлжээ.
2018 оны дэлхийн аварга К.Мбаппе 17 настайдаа "АС Монако" багаас "ПСЖ" рүү шилжин ирсэн бөгөөд тэр цагаас хойш багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болж, тус багийг зургаан удаа лигийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
К.Мбаппе ирэх онд хаана тоглохоо дурдаагүй боловч тэрбээр "Реал Мадрид"-ад очихыг зөвшөөрсөн гэх мэдээлэл оны эхээр гарч байсан юм.
Ням гаргийн тоглолтын дараа "ПСЖ" клуб Францын Вильнёв-д'Аск хотын "Пьер-Моруа" цэнгэлдэх хүрээлэнд "Олимпик Лион"-той Францын цомын финалд тоглохынхоо өмнө лигийн хоёр тоглолт хийх ёстой.