Б.Айдос: Сувилагч мэргэжлийн мөн чанар, үнэ цэнийг өргөн цар хүрээгээр ойлгох хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын "Шипагер" өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Баярын Айдостай сувилагч мэргэжлийн онцлогийн талаар цөөн хором ярилцлаа.
-Танд Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэе. Сувилагч хэмээх
хариуцлагатай мэргэжлийн эзэн болж, иргэдийн сайн сайхны төлөө хүчин зүтгэж байгаа
Монголын мянга мянган сувилагчдын төлөөллийн хувиар өөртэй чинь ярилцах завшаан
тохиолдсонд баяртай байна. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов гэсэн асуултаар
өнөөдрийн ярилцлагаа эхэлье гэж бодож байна.
-Баярлалаа. Би 2018 онд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийг уламжлалт эмчилгээний сувилагчаар төгссөн. 2019 онд сэргээн засахын сувилагчаар мэргэшсэн. Миний хувьд сурагч байхдаа сувилагч мэргэжил эзэмшинэ гэж төлөвлөөгүй. Дунд сургууль төгссөний дараа эгч нарынхаа зөвлөснөөр сувилагч мэргэжлийг сонгосон. Түүний дотор уламжлалт анагаах ухаан миний сонирхлыг маш их татаж, энэхүү мэргэжлийн эзэн болсон доо. Сургуулиа төгсөж ирээд 2018-2020 онд "Бейс-Шипа" эмнэлэгт ээлжийн сувилагч, 2020 оноос өнөөдрийг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн сувилагч, ахлах бөгөөд сэргээн засахын сувилагчаар ажиллаж байна.
-Гаднаас
нь хараад сувилагч эмчийн заавраар
өвчтөний эм тариаг хийж, асарч сувилах үүрэгтэй хүн гэж иргэд ойлгодог.
Уг ажлыг гардан гүйцэтгэж байгаа хүний хувьд тухайн мэргэжлийг онцлогийн талаар
ярьж өгөөч.
-Эмч нар өвчтөнд үзлэг хийж, эмчилгээг нь бичиж өгдөг ч тухайн хүнтэй байнга хамт байж чаддаггүй. Харин сувилагч хүн өвчтөний эмийг нь өгнө, тариа, зүү төөнүүр, массажийг нь хийх зэргээр байнга хамт байна. Энэ утгаар хүмүүстэй маш ойр ажилладаг мэргэжил юм. Манайд сувилагч хүн бол эмч нарын туслах гэдэг хэвшсэн буруу ойлголт байдаг. Зарим эмч нар хүртэл тийм ойлголттой явдаг нь нууц биш. Нэгэн үе сувилагч нарыг эмнэлгийн дунд мэргэжилтнүүд гэж нэрлэж байсан. Харин одоо бол өөр болсон шүү дээ. Сувилагч нар их, дээд сургуулийг эмч нарын нэгэн адилаар бакалавр зэрэгтэй төгсөж байгаа. Сувилахуй гэдэг нь өөрөө маш өргөн цар хүрээг хамардаг шинжлэх ухаан юм. Иймээс сүүлийн үед эмнэлгийн тусгай мэргэжил гэдэг нэр томьёо хэрэглээнд ороод явж байна. Эмчтэй нэг баг болж ажилладаг сувилагч мэргэжлийн мөн чанар, үнэ цэнийг өргөн цар хүрээгээр ойлгож, дэмжих хэрэгтэй.
-Та
бүхэн өвчин зовлонд шаналсан, янз бүрийн зан араншинтай хүмүүстэй өдөр бүр нүүр
тулж ажилладаг. Хүн бүрийн аргыг олж, үйлчилнэ гэдэг та бүхнээс маш их тэвчээр, ур чадвар шаарддаг байх?
-Ажил дээр аливаа асуудалд тайван хүлээцтэй хандаж, хэрүүл маргаан гарахаас сэргийлдэг. Гэхдээ хэцүү үйлчлэгч нар бас цөөнгүй байдаг шүү. Эмчийн жоргүйгээр эм авч ирж тарихыг шаарддаг хүмүүс ч байна. Бүх хүмүүстэй эелдэг харьцаж, түргэн шуурхай үйлчлэхийг хичээн ажиллаж байна.
-Төвөөс
хамгийн алслагдсан аймагт ажиллаж байгаа залуу боловсон хүчний хувьд тулгамдсан
ямар асуудал байна?
-Мэргэжил дээшлүүлэх, шинэ юм сурах тал дээр саад бэрхшээл байна. Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэхээр 2, 3, 6 сараар явах боллоо гэхэд явах замын зардал, тэнд байрлах орон байрнаас авхуулаад маш их зардал гардаг. Алслагдсан байдлаас хамааран цаг хугацаа ч их алддаг. Түүнээс гадна хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал байна. Тухайлбал, цар тахлын үед сувилагч нар олон хоног гэртээ харихгүйгээр өдөр шөнөгүй ажиллаж, хүнд хэцүү ажлыг гардан гүйцэтгэсэн. Гэхдээ урамшуулал олгохдоо дээгүүр шатлалтай гэсэн утгаар эмч нар их, сувилагч нар бага хэмжээний урамшуулал авсан жишээтэй.
-Ярилцлагынхаа эхэнд уламжлалт анагаахыг маш их сонирхож, энэ салбарын сувилагчийн мэргэжлийг сонгосон гэж хэллээ. Тухайн салбарын онцлогийн талаар товч тайлбарлахгүй юу?
-Уламжлалт анагаах ухаан бол тариа хийж хүний арьс салстыг гэмтээхгүйгээр бариа засал, биеийн цэгүүдэд цочрол өгөх зэргээр эмчилдэг. Сүүлийн үед уламжлалт анагаахын салбар эрчимтэй хөгжиж байна. Иргэд ч эм уух, тариа хийлгэхээс татгалзаж уламжлалт эмчилгээг ихээр сонгох болсон нь ажиглагддаг.
-Ажлын
ачаалал хэр байдаг вэ?
-Манай өрхийн эрүүл мэндийн төв Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн 12 мянган иргэнд анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Түүний дотор нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд болон нярайд долоо хоног бүр гэрийн эргэлт хийдэг. Хүнд өвчтэй, хэвтрийн дэглэмд байгаа хүмүүст бас гэрийн эмчилгээ хийнэ. Мөн төв дээрээ өдөр бүр хийдэг өдрийн эмчилгээтэй гээд маш их ачаалалтай ажилладаг.
-Манай
улсад эрэгтэй хүмүүс сувилагчаар ажиллах нь ховор шүү дээ. Та бүхнийг иргэд
хэрхэн хүлээж авдаг бол?
-Би анх өрхийн сувилагчаар ажилд орсон. Айл өрхүүдээр орж өвчтөнүүдээ эргэх, жирэмсэн эхчүүдэд үзлэг хийх шаардлага байнга гардаг байлаа. Тэр үед зарим эмэгтэй надаас эмээдэг, үзүүлэхээс татгалздаг асуудал гардаг байсан. Одоо ч тийм асуудлууд хаяа нэг гарна. Жишээ нь бариа засал хийлгэхээр толгойдоо алчуур зүүж, исламын шашны дэг жаягийг хатуу баримталдаг эмэгтэйчүүд ирдэг. Тийм хүмүүс биедээ эрэгтэй хүний гарыг хүргэхийг хүсдэггүй. Тэдэнд нөхцөл байдлыг тайлбарлаж ойлгуулна. Бүр болохгүй бол бүтэн биеийн массаж хийх тусгай сандалд суухыг санал болгодог. Мөн зарим эмийг нимгэн цавиар тарих нь илүү үр дүнтэй байдаг. Тийм тариа хийлгэх хүмүүс ирвэл өөр эмэгтэй сувилагчийг дуудаж тариулдаг байлаа. Гэхдээ иргэд, хамт олон маань маш их хүндэлдэг, нэр хүндтэй байдаг.
- Залуу
хүний хувьд цаашид хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна?
-Надад их эмчээр сураач гэж олон хүн зөвлөдөг. Эхэн үедээ нээрээ тэгдэг юм уу гэсэн бодол төрсөн ч ажлаа хийх явцаа тэр эргэлзээ арилсан. Эрэгтэй хүн яагаад сувилагчаар ажиллаж, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулж болохгүй байхав бодсон. Манай аймагт Нэгдсэн эмнэлэг, Бугат, Цэнгэл сумын Эрүүл мэндийн төв зэрэг хэд хэдэн байгууллагад эрэгтэй хүмүүс сувилагчаар ажиллаж байна. Ихэнх нь ахлах сувилагчаар ажилладаг. Ажлын ачаалал даадаг гэж энэ албанд томилдог болов уу гэж хувьдаа боддог юм. Мэргэжилдээ дуртай тул сувилагчаар тогтвор суурьшилтай ажиллаж, иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө зүтгэсээр байх болно.
-Ярилцсанд баярлалаа.