ТӨВ: Техник технологийн улсын XXV олимпиадын Нисэх загварын төрөлд Н.Номин тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Техник
технологийн улсын XXV олимпиадын Нисэх онгоцны загвар төрөлд Төв аймгийн
Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 12е ангийн суралцагч Н.Номин
тэргүүлж, алтан медаль хүртжээ. Ингэснээр Н.Номин БНСУ-д зохион
байгуулах олон улсын тэмцээний эрх авлаа.
Тухайлбал, 21 аймгийн 9 дүүргийн 26 тамирчинтай өрсөлдөж, 100 онооноос 96.4 оноо авсан байна.
Олимпиадыг МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн эрдэмтэн багш нар санаачлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль дээр зохион байгуулсан.
Тус
олимпиадад Авто машины дуураймал загвар, Усан онгоцны загвар, Нисэх онгоцны
загвар, Дизайн технологи, зураг зүй, Дүрслэх урлагийн төрлөөр 21 аймаг, 9
дүүргээс шалгарсан ЕБС-ийн багш, сурагчид авьяас, ур чадвар, авхаалж самбаагаа
сорин өрсөлдсөн байна.
Н.Номингоос
тодруулахад, “Stiletto 660 загвараар
оролцлоо. Энэ нь АНУ-ын загвар бөгөөд дэлхийн аваргад 3 удаа
түрүүлж байсан гэдэг юм билээ. 2 сар гаруй хугацаанд бэлтгэлээ базаасан бөгөөд
төлөвлөгөөний дагуу бэлдэж хийсэн учраас хүндрэлтэй зүйл бага байсан” гэв.