ХӨВСГӨЛ: “Сүегэр” уран бичлэгийн уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-06 14:51:06

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт  монгол бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулна.


Тус уралдаан энэ жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат багш, хүмүүнлэгийн ухааны доктор, профессор Т.Дашцэдэн багшийн мэндэлсний 100 жилийн ойг угтан зохион байгуулж буйгаараа онцлог юм.


“Сүегэр” уран бичлэгийн уралдаан мэргэжлийн багш нар, уран бичлэг сонирхогчид, иргэд, төрийн албан хаагч гэсэн ангилалд болно.


Мэргэжлийн багш нарын ангилалд “Үндэсний бичгийн массын сургалтыг ахиулахад багш миний оролцоо” сэдвийн хүрээнд 300-аас доошгүй үгэнд багтаан найруулж, үндэсний бичгээр зөв бичих дүрмийн алдаагүй, бийрийн болон үзгийн хичээнгүй тигээр уран сэтгэмж хослуулсан бүтээл хийж оролцоно.


Уран бичлэг сонирхогчид Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн бүтээлээс шад, мөрт сонгон монгол бичгийн калиграфийн онцлогийг уран сэтгэмжтэй хослуулан бичнэ.


Иргэд, төрийн албан хаагч нар МУСГЗ зохиолч, сэтгүүлч Д.Сүрэнжавын "Хөвсгөл" найраглалын хэсгээс сонгон үндэсний бичигт хөрвүүлж, үзгээр болон бийрээр хичээнгүй, алдаа мадаггүй бичиж оролцоно.


Сурагчид Монголын эртний сургаалын яруу найргаас сонгон үндэсний бичигт хөрвүүлэн үзгээр болон бийрээр хичээнгүй бичнэ. Оролцогчдын бүтээлийг 5 дугаар сарын 11, 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт хүлээн авна.  

 

"Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай.


 

 

相关新闻