ТӨВ: Мэдээлэл технологийн үзэсгэлэнд 20 байгууллага үйлчилгээ үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. "Цахимд хэвшье” уриатайгаар үндэсний хэмжээнд өрнөж байгаа "Digital first–D1" үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл технологийн үзэсгэлэнг Мөнх-Алдарын талбайд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд
20 орчим байгууллагын үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэн бөгөөд
үзэсгэлэнд 500 гаруй иргэн оролцлоо.
Тухайлбал,
Цахим меню буюу Qmenu, Цаг бүртгэлийн ухаалаг платформ Timely, жижиг, дунд
бизнес эрхлэгчдэд зориулсан гар утаснаасаа үйл ажиллагаагаа удирдах боломжтой
хялбаршуулсан аппликейшн Ontime, эхчүүд, бүсгүйчүүдэд зориулсан Mommade
үйлчилгээнүүдтэй иргэд танилцав.
Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн иргэн А.Маралаас үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлийг тодруулахад, “Би хоолны газар, караоке ажиллуулдаг. Үзэсгэлэнд дэлгэсэн үйлчилгээнээс Qmenu их анхаарал татаж байна. Хоолны газрынхаа менюг сайтад байршуулаад, QR кодоор хэрэглэгчдэдээ менюгээ харуулах боломжтой нь их дэвшилттэй шийдэл мэт санагдаж байна. Бас Ontime гэж аппликейшн маш их хэрэгцээтэй юм шиг санагдлаа. Хүнсний бараагаа татах, тооллого, тайлан, барааны бүртгэл зэрэг олон үйлдлийг хийх боломжтой гэдгийг мэдэж авлаа. Энэ төрлийн үзэсгэлэн үнэхээр шинэлэг санагдаж байна” гэв.
Мөн эхчүүд, бүсгүйчүүдэд зориулсан Mommade үйлчилгээг иргэд сонирхож мэдээлэл их авч байсан бөгөөд энэ нь үр хүүхдээ төрүүлж, өсгөхийн тулд завсарлага авахаас өөр аргагүйд хүрдэг эхчүүдэд ажил олгодог, сургадаг үйлчилгээ байв.