С.Эрдэнэ: Орон нутгийн сонгуулийн өмнө төсвөө хэлэлцэхгүй байгаа нь хардлага төрүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, ирэх оны төсөв болон орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар байр сууриа нэгтгэжээ.
Хуралдаанд бүлгийн гишүүдээс гадна УИХ-ын дарга асан З.Энхболд, Сангийн сайд асан Б.Болор нар оролцжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, "Ирэх оны төсвийн төсөл дээр АН-ын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллана. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална" гэсэн мэдээлэл өгөв. Түүнчлэн тэрбээр Хүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулсанд харамсаж байгаагаа илэрхийлээд "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалын асуудлыг УИХ-ын дэд дарга З.Санжмятав, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарыг судлуулахаар үүрэг өгсөн хэмээв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “2017 оны төсвийн хууль, дагаж орж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх гурван жилд улс орны эдийн засгийг хүнд нөхцөл байдлаас гаргах гол бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл бодлогын хэмжээнд шинэчлэл хийсэн зүйл харагдахгүй байна.Төсвийн алдагдал ирэх гурван жилд дорвитой буурахгүй юм байна. Мөн өр, зээлийн хэмжээ буурахгүй нэмэгдэхээр болж байна. Иймд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг хямралаас гаргаж чадахаар байна уу гэдэгт Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргана” гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Хүүхэд харах үйлчилгээг хойшлуулах төсөв өргөн барилаа. Үүнээс болж 6000 гаруй хүүхэд цэцэрлэггүй болно гэсэн мэдээлэл байна. Дээр нь энэ үйлчилгээг эрхлэх гээд байшин саваа барьцаанд тавьсан, зарсан хүмүүс олон байгаа. Энэ хүмүүст нөхөн олговор олгох уу. Энэ асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Өнөөдөр иргэдэд хүрч байгаа сайн гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоолоо. Зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан байна гэдгийг иргэдэд итгүүлэх далд санаа юм. Өргөн барьсан төсвийн төслийг харахад ганц тулгууртай эдийн засгийг олон тулгуурт эдийн засаг руу хөрвүүлэх, түүн рүү зорьсон ямар нэгэн хөтөлбөр арга хэмжээ авах зүйл тусгаагүй байна. 6000 гаруй хүүхэд болон энэ үйлчилгээг эрхэлж байсан иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Энэ дээр ямар нэгэн нөхөн олговрын тухай яриагүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгийг хэмнэсэн эдийн засагт ямар үр өгөөж байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байна. 6000 хүүхдийг ямар цэцэрлэгт авах вэ. Тэр хүүхдийн сурч, хүмүүжих орчин нь хаана байна. Тэр орчныг бий болгож байсан иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ гээд ярих юм бол маш их сөрөг үр дагавартай шийдвэр.
-Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан тухай ярьсан гэсэн?
АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Энэ бол хувьчлал биш. Оросын талын эзэмшиж байсан хувийг худалдах, худалдан авах үйл явц юм. Энэ асуудлыг баримтаар баталгаажуулах арга хэмжээнүүдийг авахаар болж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Шаардлагатай бол тэр ажлын хэсгийг бүлэг дээр дуудаж тайлбар сонсоно.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Төсвийн зардлыг бууруулах тал дээр нэлээд асуудлыг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Харамсалтай нь орж ирсэнгүй. Зардлыг танахдаа дарга нарын өрөөний засвар, төрийн албаны зохистой шинэчлэл зэргийг хийсэнгүй. Хамгийн хялбархан аргаар буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Жишээ нь, 152 тэрбум төгрөгөөс төсвийн урсгал зардлыг бууруулна. Үүн дотроо хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноор 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэх гэж байна. Их дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгдөг байсныг болиулж, 52 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон оюутнуудаа дэмжих төрийн бодлогын ухралт. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгон хойшлуулснаар 2017 ондоо 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. 5.6-хан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан иргэд болон 6700 орчим хүүхдийг хохироож байна.
-Ирэх оны төсвийн төслөөр зээлийн эргэн төлөлтөд 6.6 их наяд буюу төсвөөсөө давсан өр төлнө гэж тусгасан. Энэ өрийг дарахын тулд дахин зээл авах талаар эрх баригч намынхан ярьж байна. Өрөө дарахын тулд дахиж зээл авдаг байж болох юм уу?
АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: -“Чингис” бондыг төлөх хугацаа болоогүй. Өнөөдөр энэ бондыг төлөх хугацаа тулаад ирсэн юм шиг яриад байна. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өрийг төлнө. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн 1 тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Гэтэл үүний уг сурвалжийг судлахаар Чалкогоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа 1 тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж тогтоосон. Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд уг дүнгээрээ явах юм билээ. Үүнийг өөрчилвөл зээлийн алданги хүү төлөх болчихоод байгаа. Тиймээс Тавантолгойн коксжих нүүрсний үнэ 1 тонн нь 30 ам.доллар аар борлуулж байгаа нь манай улсад асар их хохиролтой байна. Ер нь 2017 оны улсын төсвөөс эдийн засгийн реформ хийгдээгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрөө Ерөнхий сайд хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй. Тиймээс бидний хувьд бүрхэг асуудал хэвээр байгаа. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй гэсэн. Тиймээс түр буцаагдсан татвар нэмэх бодлого, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөр зэргээ оруулж ирэхдээ ард түмний нуруун дээр үүрүүлэх ачаа дарамтаа хэд дахин өсгөж оруулж ирэх нь үү гэсэн хардлага байна. Тийм учраас орон нутгийн сонгуулийн өмнө 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн байр суурийг манай бүлгийн гишүүд илэрхийлсэн. Миний хувьд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байгаа.
-Багш, эмнэлгийн ажилчдын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2017 оны төсөвт тусгасан уу. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа бол?
АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: -Төсвийн болон төрийн албан хаагчид тэтгэвэрт гарах тохиолдолд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно гээд хуульчилсан байсан. Энэ хуулийг хүчингүй болгосон. Одоо орж ирж байгаа төслөөр 36 сар хүртэлх хугацаанд тэтгэмжийг олгоно гэж орж ирж байгаа. Өнгөрсөн сард энэ хуулийг хүчингүй болгосон. Тиймээс энэ оныг дуустал хугацаанд тэтгэвэрт гарах иргэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг огт авахгүй. Яагаад гэвэл хууль цуцлагдсан. 2017 оноос эхлээд тэтгэврээ тогтоолгох иргэд тухайн салбарын сайд, дарга нарын үзэмжээр тэтгэмжээ авна. Эрх мэдэлтнүүд нэг сарын тэтгэмж ч олгож болно. Үүнийг бид төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайдаас тодруулна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ