Ж.Байден оюутнуудын зээлийг өршөөх төлөвлөгөөгөө танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-09 14:19:31

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг өршөөх шинэ төлөвлөгөөгөө даваа гарагт буюу Дээд шүүх түүний эхний шийдвэрт хориг тавьснаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа танилцууллаа


Өнөөдөр дэндүү олон америкчууд, ялангуяа залуучууд коллежийн зэрэг авахын тулд дааж давшгүй өрөнд орж байна гэж Ж.Байден Висконсин муж улсын Мадисон хотод зочлох үеэрээ хэлжээ. Уг тусламжийн багц нь хууль эрх зүйн аливаа саад тотгорыг давж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Үүний тулд Ерөнхийлөгч зээлдэгчдийн тодорхой бүлэг, тэр дундаа санхүүгийн хүндрэлтэй тулгарсан оюутнуудын зээлийг өршөөхөөр хөтөлбөрийнхөө хүрээг хумьжээ. Гэхдээ шинэ төлөвлөгөөний нэг заалт нь 25 сая америкчуудад хамаатай хэвээр байна.  


20 мянга хүртэлх ам.долларын зээлийн хүүг цуцалж магадгүй


Хэрэглэгчдийн эрхийг хамгаалагчдын зүгээс оюутны зээлийн хүү 8 хувиас давж магадгүй гэж шүүмжилсээр ирсэн бөгөөд энэ нь тодорхой төлбөрийн графикаас хоцорсон эсвэл төлж буй зээлдэгчдийн хувьд зээлийн үлдэгдлээ багасгахад хүндрэл учруулж болзошгүй юм. 


Ж.Байдены засаг захиргааны мэдээлснээр, зээл авсан 25 сая гаруй оюутан анх зээлж байснаасаа илүү хэмжээний өртэй байна. Хэрэв түүний шинэ төлөвлөгөөг санал болгосных нь дагуу хэрэгжүүлэх аваас зээлдэгчийн орлогоосоо үл хамааран 20 мянга хүртэлх ам.долларын төлөгдөөгүй хүүг тэглэж магадгүй байна. Түүнчлэн зарим бага, дунд орлоготой зээлдэгчдэд энэ нь бүр илүү ашигтай тусаж магадгүй юм. Ерөнхийлөгч ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн өмнө оюутны өрийг өршөөж эхэлнэ гэж найдаж байна.

 


相关新闻