ДУНДГОВЬ: Малчид "Соёлын өв тээгч" уралдаанд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-08 15:07:35
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өв соёлоо тээгч малчин түмний дунд малаа маллан өсгөн үржүүлэх, малын ашиг шимийг боловсруулж, хувцас хэрэглэл, идээ цагаа хийх зэрэг зан үйл, арга ухаан арвин. Тухайлбал, хавар цагт мал төллөх үеэр элбэг тохиолдох эх мал төлөө голж, хөхүүлэхгүй байх эсвэл эх нь үхэж, төл нь үлдэх тохиолдолд малчид гологдсон буюу өнчин төл авахуулах зан үйлийг үеэс үед дамжуулан өвлүүлжээ.


Энэхүү соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Говийн шим” төслийн багаас 2024 оны 3 дугаар сарын 16-31-нд “Соёлын өв тээгч малчин” цахим уралдаан зарлаж дүгнэлээ.


Тус уралдаанд оролцогчид ингэ хөөслөх, үхэр өөвлөх, хонь тойглох, ямаа цийглэх зан үйлийг харуулсан бичлэгээ цахимд байршуулах ба эерэг хандалтын тоогоор “Соёлын өв тээгч малчин”-ыг шалгаруулсан байна. Уралдаанд Дундговь, Төв, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн 28 малчин оролцжээ. Оролцогчдын дийлэнх нь хонь тойглож, хурга авхуулж буй бичлэгээ ирүүлсэн байна.


Мал төллөх үед хонь хургаа голж хөхүүлэхгүй байх тохиолдол олонтаа гардаг. Тухайлбал, зарим нь хөдөө хээр төллөөд төлийг нь эхэд долоолголгүй уутлан авчрах, хурганы биед өөр ямар нэгэн онцгой үнэр шингэсэн зэргээс болж хонь хургаа голдог. Зарим тохиолдолд нас гүйцээгүй төллөсөн хонь голомхой байдаг байна. Төлөө голмогц малчид гологдсон хургыг эхтэй нь хамт хашаанд хашиж орхих, эхийнх нь сүүг гологдсон хурганы бие дээр цацаж үнэртүүлэх, гологдсон хурганы сүүлэнд шүү /хужир шүү/ түрхэж эхээр нь долоолгох, эхийг нь хүзүүдэж байгаад хургыг нь хөхүүлэх зэрэг аргыг хэрэглэдэг. Үүний зэрэгцээ уян зөөлөн аялгуугаар “Тойгийн дуу”-г аялж, уяруулдаг байна.


Гологдсон төлийг ингэж эхэд нь авуулахаас гадна өнчин төлийг ч бас хайдаг хонь, ямаанд авахуулдаг. Зарим тохиолдолд ямаанд хургыг авхуулах нь ч бий.


“Соёлын өв тээгч малчин” уралдааны талаар "Говийн шим” төслийг санаачлагч Х.Ганбаатараас тодруулахад “Манай төсөл бэлчээрийн мал аж ахуйн мах, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зорилготой. Бэлчээрийн мал аж ахуйн үнэ цэн нь мал маллах арга ухаан, өв соёлд бий гэж ойлгодог. Тиймээс бид мал аж ахуй, мал маллах, үйлдвэрлэл явуулахтай холбоотой уламжлалт соёлын өвийг сурталчлан таниулахад анхаарч байна.


Уралдаанд 28 малчин оролцож, бичлэгээ ирүүллээ. Оролцогчдоос хамгийн олон эерэг хандалт авсан Цагаандэлгэр сумын 1 дүгээр багийн малчин А.Энхтуяа түрүүлж, Өндөршил сумын 2 дугаар багийн малчин Г.Долгор хоёрдугаар байр, Говь-Угтаал сумын 3 дугаар багийн малчин Ш.Мөнхцэцэг гуравдугаар байр эзэлсэн.


Төслийн зүгээс эхний гурван байрт шалгарсан дээрх малчдыг 200 000-500 000 төгрөгөөр шагнаж, манай бүтээгдэхүүн болох “Шимт соёолж” багц, ногоон тэжээлээр шагнаж урамшуулна” гэлээ. 

相关新闻