БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотод "Цахим хөгжлийн өдөрлөг" болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. "Цахим аймаг" бодлогын
зөвлөмжийн хүрээнд ЗГХЭГ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүх нийтийн
цахим ур чадварыг дэмжих, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, үйлчилгээний
чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим хөгжлийн өдөрлөгийг “Цахимд
хэвшье” уриан дор орон даяар зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийг өнөөдөр Өлгий хотод зохион байгуулж байгаа ба нээлтийн үйл
ажиллагаа аймгийн Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн хурлын танхимд болов.
Нээлтийн хуралд аймгийн Засаг дарга А.Камелият, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар /цахимаар/, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат, "Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Тамир, Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, сумдын Засаг дарга нар оролцов.
"Цахимд хэвшье" өдөрлөгийн нэгдсэн хурлыг аймгийн Засаг дарга А.Камелият нээж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг багасгах зорилт тавин ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн 13 төрийн байгууллагын 52 үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний И-Монголиа нэгдсэн системд холбож, 2024 онд 145 гаруй үйлчилгээг тус нэгдсэн системд нэвтрүүлэхээр дахин загварчлал хийсэн. Аймгийн төрийн байгууллагууд дотоод үйл ажиллагааны “Erp” цахим системийг ашиглаж байгаа ба төрийн албан бичиг солилцоог цахимаар явуулж байна. Өнөөдрийн байдлаар “Erp” системийг 40 гаруй байгууллага ашиглаж байгаа нь төрийн байгууллагуудын бичиг хэргийн зардлыг тодорхой хувиар бууруулж байна” гэв.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар мэндчилгээ дэвшүүлж, бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлогын талаар танилцууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаа одоо аймгийн Хөгжимт драмын театрт мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгч, иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалт, хичээлүүдээр үргэлжилж байна.