Малид болсон халдлагын улмаас энхийг сахиулагч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-10-04 11:48:29

БАМАКО./AP/. Даваа гарагт Малигийн хойд нутаг дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын хуаранд халдлага гарсны улмаас Чадын нэг цэрэг амь үрэгдэж, найман цэрэг шархадсан гэж НҮБ мэдээллээ.

Мали дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төлөөлөгч Оливье Салгадо даваа гарагт мэдэгдэхдээ, нутгийн хойд хэсэг дэх Кидал мужийн Агюлхок дахь хуаран руу үдээс хойш 14 цагийн үед миномёт хэрэглэн халдсаны дараа тэсрэх бодис бүхий хоёр автомашинаар дайрсан гэжээ.

Урьдчилсан мэдээллээр, Агюлхок дахь хуаранд байрлах НҮБ-ын ажилтнууд руу чиглэсэн дөрвөн удаагийн халдлага болсон байна.

Одоогоор эдгээр халдлагуудын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байгаа юм.

“Лалын улс”-ын хэт давруу үзэлтнүүд Малигийн хойд хэсгийг 2012 онд хяналтдаа оруулаад байсан боловч Францын армийн оролцоотойгоор тэднийг 2013 онд хөөн гаргажээ.

Одоогоор Малигийн хойд болон төвийн нутгуудад байдал тогтворгүй байгаа бөгөөд “Аль-Каида” болон тэдэнтэй холбоотой бусад бүлгүүд энхийг сахиулагчид болон аюулаас хамгаалах хүчнийхэн руу халдсаар байна.

Х.Сарнай

 

相关新闻