БАЯН-ӨЛГИЙ: Дундаж цалин баруун бүсдээ хамгийн бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс өгсөн мэдээллээр тус аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1 сая 569.9 мянган төгрөгт хүрсэн байна.
Аймгийн эрэгтэйчүүд сард дунджаар 1 сая 588.4 мянга, эмэгтэйчүүд 1 сая 553.9 мянган төгрөгийн цалин авч байгаа.
Дундаж цалин нийт дүнгээрээ өмнөх оныхоос 626.5 мянган төгрөгөөр өссөн боловч улсын дундажтай харьцуулахад 665.5 мянган төгрөгөөр бага байна.
Тус аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын сарын дундаж цалинг баруун бүсийн бусад аймагтай харьцуулахад мөн хамгийн бага түвшинд байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн ажиллагсдын сарын дундаж цалин 1 сая 756.4 мянга, Завханд 1 сая 849.7 мянга, Увсад 1 сая 737.1 мянга, Ховд аймагт 1 сая 765.7 мянган төгрөг байгаа юм.
Дундаж цалингийн хэмжээ бүс нутагтаа хамгийн бага байгаа нь томоохон үйлдвэр
болон уул уурхайн олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа
компаниудын тоо бага, ажиллах хүч илүүдэлтэй зэрэг хүчин зүйлстэй холбоотой
хэмээн эдийн засагчид хэлэв.