Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас зургаан медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Италийн Жесоло хотод болсон пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө.
Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн нийт зургаан (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин хурд хүчээ сорив.
Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг,
зээрэнцгийн хоёр зайд Т.Мядагмаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа
эгшиглүүлэв. Харин F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцгийн хоёр зайд Т.Саруултөгс
мөнгөн медаль хүртсэн байна.
Тэгвэл эрэгтэйчүүдийн Т-46 ангиллын 1500 метрийн зайд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль хүртжээ.