ХОВД: Харааны бэрхшээлтэй иргэд дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах санал уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-23 09:53:37

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/  Ховд аймагт харааны бэрхшээлтэй 300 орчим иргэн бий. Үүний 70 орчим нь аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч байна.

Эдгээр иргэнд тулгамдаж буй асуудлыг судлах, санал бодлыг нь сонсох зорилгоор Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Б.Ганзоригоор ахлуулсан ажлын баг энэ сарын 18-20-ны өдөр Ховд аймагт ажиллалаа.  

Энэ үеэр ажлын багийнхан тус холбооны Ховд аймаг дахь салбарын үйл ажиллагаатай танилцаж, гишүүд, иргэдтэй уулзаж, зарим үйл ажиллагааг зохион байгуулжээ.


Мөн ажлын багийнхан энэ сарын 20-нд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай уулзав. Энэ үеэр орон нутгийн харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэгтгэн зургаан бүлэг 27 заалт бүхий санал гаргаж,  тус аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлэж ажиллахыг хүслээ.

Уг саналд харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол эзэмших боломжийг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийн ээлтэй байдал хүртээмжийг сайжруулах, 0-16 насны харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгаа гаргах зэрэг олон асуудал тусгасан байна. 

Мөн тус холбооны Ховд аймаг дахь салбарыг  үйл ажиллагаа явуулах байртай болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Засаг дарга Э.Болормаа саналыг нарийвчлан судалж, шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

相关新闻