Алеппод өнгөрсөн долоо хоногт 300 гаруй хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАЛЕППО. /ANADOLU/. Сирийн Алеппо хотын зүүн хэсэгт сүүлийн хэд хоногийн турш үргэлжилсэн байлдааны ажиллагааны үеэр 300 гаруй хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна.
АНУ-ОХУ-ын зуучилснаар Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр өнгөрсөн сарын 12-ноос хэрэгжиж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч сөрөг хүчний түшиц газар болох Алеппод сүүлийн хэдэн хоногийн турш байлдааны ажиллагаа үргэлжилж, засгийн газрын арми босогчдын байрлалд агаараас цохилт өгсөөр байна.
Их Британид төвтэй “Сирийн хүний эрхийг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гэхэд Алеппогийн зүүн хэсэг болон ойр орчимд 30 орчим хүн, тэдний дотор энгийн номхон оршин суугчид амь үрэгджээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногт Алеппод 338 хүүхэд, тэдний дотор 106 хүүхэд амь үрэгдсэн бол 800 гаруй хүн шархаджээ.
ДЭМБ-ын Онцгой байдлын үед арга хэмжээ авах асуудал хариуцсан захирал Ричард Бреннан Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “эм тариа, эмчилгээ дутагдалтай байгаа учир олон хүн амиа алдаж болзошгүй” гэв.
Г.Доржханд